П.Наранбаяр: Д.Сумъяабазарыг огцруулах асуудлыг дахин хөндөнө

П.Наранбаяр: Д.Сумъяабазарыг огцруулах асуудлыг дахин хөндөнө

Өнгөрсөн сарын 10-ны өдөр /2021.02.10/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Хөдөлмөрийн үндэсний намын гишүүд /ХҮН/ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг огцруулах саналыг өргөн барихаар НИТХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлснээ мэдэгдсэн. 

Тухайн үед ХҮН-ын бүлгийн гишүүд "Д.Сумъяабазар хариуцлага хүлээж огцрох ёстой. Засгийн газар хариуцлага хүлээж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Гэтэл нийслэл дээр хариуцлага тооцох гэхээр нэгдүгээр орлогч даргаа огцруулсан болоод өөрөө хариуцлагаас мултраад үлдэж болохгүй. Өнөөдрийн НИТХ-ын хуралд бид энэ асуудлыг хөндсөн.

Гэтэл хэлэлцэхгүй гэж байна. Хүлээж авахгүй гэлээ. Өнөөдөр Д.Сумъяабазар ажлын тайлангаа сонсгоод л өнгөрч байна.

Уг нь бидэнд ажлаа дүгнүүлэх ёстой. Гэтэл бидэнд үнэлэлт, дүгнэлт өгөх боломж олгосонгүй. Д.Сумъяабазар чиг, үүргийн ажлаа хангалттай гүйцэтгээгүй. Нийслэлийн онцгой комисс хариуцлагагүй ажиллаж иргэдийг маш их бухимдуулж учир нь олдохгүй олон шийдвэр гаргасан. Үүнээс болж 22-ын товчоон дээр иргэн нас барсан. Нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, хүнсний түгээлтийн машиныг шөнө явуулсан гээд иргэдийг бухимдлыг барж дууссан. Хотын дарга хангалтгүй ажилласан учраас бид иргэдээ төлөөлж огцруулах асуудлыг хөндөж байна" гэсэн юм.

-Д.СУМЪЯАБАЗАРЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ЗАХИАЛГААР ХӨНДӨӨГҮЙ. Д.АМАРБАЯСГАЛАН ГЭДЭГ ХҮНТЭЙ Ч УУЛЗАЖ ҮЗСЭНГҮЙ-

Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах асуудал аль шатандаа яваа талаар НИТХ-ын гишүүн П.Наранбаяраас тодрууллаа.  

-НИТХ дэхь ХҮН-ын гишүүд Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах асуудлыг хөндсөн. НИТХ-ын гишүүдийн гарын үсгийг ч цуглуулна гэж мэдэгдсэн. Тус бичигт одоогоор хэдэн гишүүн гарын үсгээ зураад байна вэ? 

-Тухайн үед НИТХ-ын хуралдаанаар Хотын даргыг ажлаа дүгнүүлэх саналыг гаргасан. Гэтэл тайлангаа сонсгоод л өнгөрсөн. НИТХ Хотын даргын ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх эрхээ эдлээгүй. Биднээр ч дүгнүүлээгүй. Хариуцлагаас зугтсан. Тийм учраас бид огцруулах асуудлыг хөндсөн. Түүнээс төлөөлөгчдийн гарын үсгийг цуглуулж эхлээгүй байгаа юм. 

-Хотын даргыг ажлаа хэр сайн хийж байна гэж дүгнэж байгаа вэ? 

-Маш сул гэж дүгнэж байгаа. Шийдвэрүүд оновчгүй, удаан байна. 

-Хотын даргыг огцруулах асуудлыг дахин хөндөх үү? 

-Хэрвээ энэ хэвээр сул байвал огцруулах асуудлыг дахин хөндөнө. Бид хариуцлага нэхэж асуудлыг хөндсөөр байна. Хуулиараа НИТХ-ын 15 гишүүн огцруулах бичигт гарын үсэг зурвал өргөн барих ёстой. 

-Тухайн үед та бүхнийг МАН-ын захиалгаар тэр дундаа ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн захиалгаар Д.Сумъяабазарыг огцруулах асуудлыг хөндлөө гэх хардлага гарсан? 

-Янз бүрийн л хардлага яригдсан. Тийм зүйл үгүй. Д.Амарбаясгалан гэдэг хүнтэй уулзаж ч үзээгүй.