Эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн гэх Тонхил сумын засаг дарга Д-д 18 жилийн ял оноожээ

Эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн гэх Тонхил сумын засаг дарга Д-д 18 жилийн ял оноожээ

Өнгөрсөн оны тавдугаар сарын 14-15-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Д-ын эхнэр Б учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Тус хэрэгт талийгаачийн нөхөр Д-г сэжигтнээр татан саатуулаад байсан бөгөөд Б нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан гэж хуулийн байгууллагаас үзэж Д-г хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Тэгвэл Д-г талийгаач эхнэртээ хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсэн мөртлөө онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Тиймээс Говь-Алтай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д-д 18 жилийн хорих ял оноосон байна.

Хэргийг сануулбал, Талийгаач Б нь тус сумын “Төрийн банк”-ны захирлаар ажилладаг байсан нэгэн. Хэрэг гарахын өмнөх өдөр тус банканд аймгийн төвөөс шалгалт очиж нэлээд оройтож гэртээ харьсан гэдэг. Үүнээс болж талийгаачийн нөхөр хардаж, ийм хэрэг гарсан байж болзошгүй гэх мэдээлэл бий.