АН-ын өмгөөлөгчийг “ятгасан” хэсгээ тэмдэглэлээс хассан шүүгч, Давахын шүүгчид нэр дэвшсэн байжээ

АН-ын өмгөөлөгчийг “ятгасан” хэсгээ тэмдэглэлээс хассан шүүгч, Давахын шүүгчид нэр дэвшсэн байжээ

Ардчилсан нам хоёр тамга, хоёр даргатай болж талцаж байгаа нь үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг өрсөлдөөн явагдаж байна. Товчхондоо, УИХ-ын гишүүн Ц.Тувааны ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа юм. 

-АН-ЫН ӨРГӨДЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШИЙДВЭРЛЭЖЭЭ-

Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуульд С.Эрдэнэ ялагдал хүлээж Ц.Тувааныг тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ч, тэрээр тус намын дүрмийн дагуу ажиллаагүй гэдэг. Иймд С.Эрдэнэ УБЕГ-т хүсэлт гаргаж, Ц.Тувааны ашиглаж байсан АН-ын 1117237845 дугаартай тамгыг хүчингүй болгож, АН-ын тамгыг 9020120477 дугаараар Улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байгаа юм. 

Товчхондоо, Улсын бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдсэн гэж тус газраас мэдэгдсэн. Иймд Ц.Туваан “УБЕГ-ийн дээрх шийдвэрийг хүчингүй болгох”-оор Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан бол, С.Эрдэнэ “Ц.Туваан нь АН-ыг төлөөлөх эрхгүй” гэсэн утгатай өргөдлийг мөн шүүхэд гаргасан байгаа юм. Ингээд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга дээрх хоёр маргааны урьдчилан хэлэлцүүлгийн үеэр “түтгэлзүүлж” шийдвэрлэсэн нь АН-ын маргаан цаашид үргэлжлэхэд хүргэжээ. Учир нь УБЕГ-ын шийдвэр зөв гэж шийдвэрлэсэн бол АН-ын маргаан эцэслэгдэх байж.

-АН-ЫН ӨМГӨӨЛӨГЧИЙГ “ЯТГАСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ” ХЭСГЭЭ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС ХАССАН БАЙЖЭЭ-

Харин хамгийн ноцтой нь, тус шүүх хурлын үеэр АН-ын дарга С.Эрдэнийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэе, шүүгчээс битгий татгалз гэсэн утгатай зүйлийг ярьж, ятгасан. Улмаар энэхүү ятгасан хэсгээ “урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл”-ээс хассан байгаа ажээ.  

Хэлэлцүүлгийн тэмдэглэлд ороогүй хэсэг

Тодруулбал, өнгөрөгч хоёрдугаар сарын 02 –ны өдөр болсон шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга АН-ын дарга С.Эрдэнийн өмгөөлөгч Г.Батбаярт хандаж, “ … миний өнөөдрийн чин зориг гэх үү, хүсэлт юу вэ гэхээр хүсэлтийг чинь сайхан шийдчихмээр байгаа байхгүй юу. Энэ нэг хэл амтай, ядаргаа төвөгтэй юмнаас хэн аль нь салмаар байна яг үнэнийг хэлэхэд …” зэргээр хэлж, тэднийг ятгасан байж болзошгүй байгаа аж. Гэтэл шүүх хурлын үеэр яригдсан энэхүү олон минутын хэсэг нь хурлын тэмдэглэлээс хасагдаж, Захиргааны хэргийн давж заалдах шүүх рүү илгээгдсэн байна. Сонирхуулахад, шүүх хурал эхлэхээс, дуусах хүртэл бүх үйл явдал, хэлсэн үгийг хурлын тэмдэглэлд бичиж оруулдаг билээ. 

-Г.МӨНХТУЛГА ШҮҮГЧИД ЕТГ-ААС НӨЛӨӨЛСӨН ҮҮ-

Сонирхолтой, тус маргааныг Г.Мөнхбаяр шүүгч ийнхүү шийдвэрлэж байх үед “анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийг бүртгэх” тогтоол гарчихсан, бүртгэл нь явагдаж байжээ. Иймд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид Г.Мөнхтулгын нэр дэвшчихсэн явж байж. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшсэн байжээ

Улмаар Г.Мөнхтулга шүүгчийн АН-ын өргөдлийг “түдгэлзүүлсэн” шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга болон Тамгын газрын удирдлагуудаас нөлөөлсөн байж болзошгүй байгаа ажээ. Тодруулбал, шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгож, Ерөнхийлөгч томилдог билээ. Иймд түүний дээрх үйлдлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүгчийн ёс зүйн хороо” нь хэлэлцэж байж магадгүй байна.