“Энхсаран” сувиллын ажилд МХЕГ-ын хэлтсийн дарга Т.Төмөрбаатар нөлөөлж байсан уу

“Энхсаран” сувиллын ажилд МХЕГ-ын хэлтсийн дарга Т.Төмөрбаатар нөлөөлж байсан уу

Манай улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-нд анх дотооддоо коронавирусийн халдвар алдсанаа зарласан. Тодруулбал, “Энхсаран” гэх сувилалд тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолооч Д-ээс халдвар илэрснээр түүний ойрын хавьтлын хэд, хэдэн хүний шинжилгээний хариу эерэг гарч, халдвар голомтлон тархсан юм.

Мөн тухайн үед  “Энхсаран” сувиллаас  эхлэлтэй халдвар авсан хүмүүс олон нийтийг цуглуулсан тоглолт, арга хэмжээнд оролцож байсан нь халдвар эрчимтэй тархах шалтгаан болсон гэж ойлгож болно. Үүнээс хойш манай улсад өдөр бүр халдвар бүртгэгдэж, нийт халдвар авсан хүмүүсийн тоо 5000-д хүрээд байгаа бөгөөд нөхцөл байдал улам хүндэрч, бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох асуудал ч яригдаж эхлээд байна.

- “ЭНХСАРАН” СУВИЛАЛД ХАЛДВАР ГАРСАН АСУУДАЛД БУРУУТГАЖ 13 ХҮНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ-

Үүнтэй зэрэгцэн анх дотоодод халдвар тархахад нөлөөлсөн гэх “Энхсаран” амралт сувиллын газартай холбогдох нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдаж эхэлсэн ч одоог хүртэл тус газартай холбоотой хүмүүсийн нэр тодорхойгүй, хүлээлгэсэн хуулийн хариуцлага байхгүй байгаа нь сүүлийн үед иргэдийн бухимдлыг төрүүлж эхэллээ. Тийм  учраас энэхүү асуудал сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарах болж, албан тушаалтнууд ч тайлбар мэдээлэл өгөх болсон.

Тодруулбал өнгөрсөн бямба гарагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү “Энхсаран” сувилалд халдвар хамгааллын журам зөрчиж, дотоодод халдвар тархах эсрдэлийг тооцоололгүй, хариуцлагагүй ажилласан нийт 13 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллаглагчаар татаад байна. Тус хүмүүс нь өөр өөр улс орнуудаас ирсэн тээврийн жолооч нарыг нэг өрөөнд байлгаж ЭМЯ-ны сайдын баталсан тушаал, журам холбогдох заалтуудыг зөрчсөн байж болзошгүй гэсэн нөхцөл тогтоогдсон. Тухайн үед ЭМЯ-ны удирдлагаар ажиллаж байсан болон УОК-ын удирдлага, Онцгой байдлын алба хаагч, Энхсаран сувилалын удирдлага, эмч нийт 6 хүнд холбогдуулан Монгол Улсын эрүүгийн хуулийн 23.5.1 хэсэг буюу хайнга хандах, албан тушаал, хууль, захиргааны хэм хэмжээ албан үүргээ биелүүлээгүй улмаас их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн байна. Мөн тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэдээс дураараа байраа солих, бусдын өрөөгөөр хэсэх, амны хаалтаа зүүхгүй байх зэрэг тусгаарлах байрны дэглэм журмыг зөрчсөн нийт таван иргэнийг  Монгол Улсын эрүүгийн хуулийн 15.6.1 хэсэгт буюу бусдын амь насанд аюул учруулж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн. Мөн “Энхсаран” сувилалтай холбоотой хоёр иргэн тусгаарлалтад байсан иргэдийг өдөөн турхирч эмх замбараагүй байдал үүсгэсэн асуудал гарсан. Уг хоёр иргэнд 15.6.1 хэсэгт заасанчлан яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргэсэн" гэж мэдээлсэн юм.

-ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ГЭХ “ЭНХСАРАН” СУВИЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ МХЕГ-ЫН ХЭЛТСИЙН ДАРГА Т.ТӨМӨРБААТАР ӨГСӨН ҮҮ-

Үүнээс гадна Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 22-ны орой хийсэн УОК-ын мэдээллийн үеэр дээрх асуудлыг хөндөж “Зарим хариуцлагагүй үйлдэл гаргасан албан тушаалтнуудаас болж “Энхсаран” сувилал, Баянзүрх дүүргийн эмнэлэгт, халдвар  алдагдсан. Цаашид иймэрхүү зүйлтэй эвлэрэхгүй. Цэвэрлэж хариуцлага тооцно. “Энхсаран” сувилалд халдвар алдсан гол шалтгаан нь Мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын харьяа байгууллага байсан учраас нөлөө орсон. Улмаар дэглэм алдагдсан. Тиймээс тус хүмүүст хариуцлага тооцно гэж мэдэгдсэн.

Тэгвэл зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Энхсаран” сувилалд нөлөөлсөн гэх албан тушаалтан нь МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар аж.

Тэрээр “Энхсаран” гэх сувиллын эзэдтэй ямар нэгэн байдлаар холбоо хамааралтай, тиймээс ч шаардлага хангаагүй тус газарт  үйл ажиллагаа явуулах эрх олгосон байж болзошгүй гэсэн нөхцөл байдал үүсээд байгаа юм. Дээрх сувиллын гүйцэтгэх захирлаар О.Түмэнбаяр гэх хүн ажилладаг бөгөөд түүний ээж н.Ганчимэг нь эмч мэргэжилтэй эрүүл мэндийн салбарт ажилладаг гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан. Харин МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч гэх Т.Төмөрбаатар нь мөн өмнө нь Эрүүл мэндийн хяналтын албанд ажиллаж байжээ.

Өмнө нь тус сувиллын талаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Энхсаран сувиллын үйл ажиллагаатай нь танилцахад цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг мэдэгдэж байсан” хэмээж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд “Энхсаран”сувилалд тусгаарлагдаж байсан зарим иргэд “эрүүл ахуйн шаардлага хангаагүй өрөө тасалгаатай, хулгана, жоом, пясаа орны хөндийгөөр нь гүйдэг, дундын нэг дүштэй” гэх хэл ам гаргаж байсан удаатай.

Тиймээс МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар эрүүл ахуйн шаардлага хангаагүй тус газарт зөвшөөрөл олгосон байж болзошгүй гэсэн хардлага иргэдийн дунд хэдийн үүсчээ. Одоогоор тус газарт холбогдох албан тушаалтнуудад хэзээ, ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Сонирхуулахад, Т.Төмөрбаатар нь оймсондоо мөнгө нууж байгаад баригдаж, хоёр жилийн хорих ял авсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын  хэлтсийн дарга асан Н.Баярсайханы оронд томилогдож байжээ.