Орхон аймгаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгсэлд “Дамжин өнгөрүүлэгч” лац нааж эхэлжээ

Орхон аймгаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгсэлд “Дамжин өнгөрүүлэгч” лац нааж эхэлжээ

Аймгийн Засаг даргын үүрэг даалгаврын дагуу Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал болон холбогдох албаны хүмүүс аймгаас орох гарах хөдөлгөөнийг зохицуулах Бүрэнбүст, Жаргалантын постуудад өчигдөр ажиллажээ.

Постуудад гарсан ноцтой зөрчилгүй бөгөөд нэмж сайжруулах шаардлагатай хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн Бүрэнбүстийн постод ажиллаж буй бүртгэгчдийн тоог нэмэгдүүлэх, тэдгээрийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Орхон аймгаас гарах болон Орхон аймагт орох хөдөлгөөн хийж байгаа зорчигчдыг erdenet.mn сайтад бүртгэж байгаа бөгөөд энэ нь аливаа эрсдэл гарсан тохиолдолд бүртгэлээс тухайн иргэнийг хянах боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн бусад орон нутагт коронавирусын халдвар тархаж байгаа нь эрсдэл дагуулж байна. Иймд нэвтрэх постон дээр ажиллаж буй цагдаагийн алба хаагчид халдвартай бүсээс Орхон аймгийг дайран өнгөрч байгаа автомашины хаалган дээр лац нааж, гарах постон дээр тэрхүү лацыг нь авч цааш зорчуулах арга хэмжээг авч байгаа аж.

Эх сурвалж: Орхон аймгийн онцгой комисс