Өчигдөр шөнө буюу энэ сарын 4-ний өдөр Өвөрхангай аймагт орсон аадар борооны улмаас үерийн усанд автомашинтайгаа боогдсон иргэдийг тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд аварчээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багт наймдугаар сарын 4-ний өдрийн 22:20 цагт орсон усархаг борооны улмаас Вангийн-Овоо уулнаас үер бууж, гурван зорчигчтой явж байсан “Ипсум” загварын суудлын автомашин үерийн усанд суусан тухай дуудлагыг өчигдөр 23:57 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн гурван албан хаагч, нэг автомашинтай хоёр км замыг туулан 00:08 цагт очиж, 23 минут ажиллаж, автомашинд байсан 35 настай эмэгтэй Д, 10 настай эмэгтэй Н, дөрвөн настай эмэгтэй Г нарыг эсэн мэнд аюулгүй газарт гаргаж эсэн мэнд аварчээ. Мөн автомашиныг татан гаргаж иргэн Д-д хүлээлгэн өгсөн байна.