Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн 30.2 дугаарт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан.
Иймд Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийн дагуу Х.Баттулга нь энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй гэсэн байр суурийг зарим хуульчид илэрхийлж байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга зарим хуульчидтай уулзаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал солилцсон байна.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн төлөөлөгчөөр томилогдоод буй хуульч Б.Гүнбилэг “Улсын орны тусгаар тогтнол, эрх чөлөөний баталгаа, хамгаалалт болж байдаг Үндсэн хуулийг улс төрийн өнцгөөр тайлбарлаж, бүдүүлгээр хэрэгжүүлж болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр “Б.Чимид гуай нэгэнтээ Үндсэн хууль бол алганд багтдаг Монгол Улс гэж хэлж байсан. Ямар ч тохиолдолд Монгол Улсын эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Үндсэн хуулийг үгүйсгэсэн, ард түмний эрхийг хясан боогдуулсан, хураан авах гэсэн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан аливаа оролдлого, зүй бус үйл ажиллагааг өөгшүүлж болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Тус уулзалтын үеэр Б.Гүнбилэг Ерөнхийлөгч Х.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах санал гаргаж, томилогдсон бололтой.