ВИДЕО: Гэрээсээ төөрсөн 2 настай Э.Энгүүн охиныг эрэлч нохойн тусламжтай эсэн мэнд олжээ

ВИДЕО: Гэрээсээ төөрсөн 2 настай Э.Энгүүн охиныг эрэлч нохойн тусламжтай эсэн мэнд олжээ

Энэ сарын 05-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Наран хайрхан багийн малчин Г.Эрдэнэбаатарын 2 нас 7 сартай Э.Энгүүн охин гэрийнхээ гадна тоглож байгаад алга боллоо гэх дуудлагыг Ховд аймаг дахь цагдаагийн газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Н.Бямбажаваар ахлуулсан ажлын хэсэг ажилласан байна.

Эрлийн ажиллагааны үед цагдаа, цагдаагийн ахлагч, Ц.Жарантай, нохой хөтлөгч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбатулга нарт албаны дрон дуудлагатай, эрэлч нохойгоор мөр хөөлгөх чиглэл өгч, самналт хийснээр 2021.03.05-аас 2021.03.06-нд шилжих шөнийн 03:50 цаг орчимд Э.Энгүүн охиныг эсэн мэнд ол, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Тухайн үед Э.Энгүүн охин гэрээсээ 5 км орчимд төөрч, осгосон байдалтай олдсон байна. Эрэн хайх ажиллагаанд Ховд аймаг дахь цагдаагийн газрын 21 алба хаагч, 5 сонсогч, ОБГ-ын аврах ангийн ахлах мэргэжилтэн ахмад Б.Ганцогтоор ахлуулсан 8 алба хаагч, Буянт сумын ЗДТГ-ын 9 алба хаагч, нутгийн 10 иргэн гээд нийт 53 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажлыг зохион байгуулжээ. Хэрэв жаахан л цаг хугацаа алдсан бол Э.Энгүүн охин осгох эрсдэл өндөр байсныг ажлын хэсгийнхэн онцолсон байна.