ХУУЛЬ: Телевизэд иргэд мөнгө төлнө гэж заагаагүй байтал Юнивишнь, Скаймедиа төлбөрөө 2500-3500 төгрөгөөр нэмжээ

ХУУЛЬ: Телевизэд иргэд мөнгө төлнө гэж заагаагүй байтал Юнивишнь, Скаймедиа төлбөрөө 2500-3500 төгрөгөөр нэмжээ

УИХ-ын чуулганаар батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Юнивишнь, Скаймедиа зэрэг компаниуд арилжааны телевизүүдэд төлбөр төлдөг болгосон. Тус хууль 2019 онд батлагдаж, 2020 оны долдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхэлсэн юм. 

Иймд Юнивишнь ХХК, Скаймедиа корпораци ХХК хоёр болон гуравдугаар сараас эхлэн “гурвалсан үйлчилгээнийхээ багцын төлбөр дээрээ нэмж, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс болох 2500 - 3500 төгрөгийг бодон, тооцох болсон” тухайгаа мэдэгдэж эхлээд байна. Товчхондоо, иргэд тэр бүр үзээд байдаггүй МҮОНРТ-д сар бүрийн цахилгааны төлбөр дээрээ нэмж 1000 төгрөгийг төлдөг бол, энэ сараас эхлэн Юнивишнь, Скаймедиа компаниас сар бүр авч буй үйлчилгээнийхээ төлбөр дээр 2500-3500 төгрөгийг тэр бүр нь үзээд байдаггүй арилжааны телевизүүдэд зориулж төлдөг болоод байна.

-ОРЛОГЫН 15 ХУВИАС ДООШГҮЙ ХЭМЖЭЭГЭЭР ТЕЛЕВИЗҮҮДЭД ХӨЛС ТӨЛНӨ ГЭЖ ЗААЖЭЭ-

Тэгвэл “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн 20.5.3 –д “өргөн нэвтрүүлгийн радио, телевизүүд нь энэ хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авах” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Товчхондоо, арилжааны телевизүүдэд төлбөр төлөх үүргийг иргэд хариуцахгүй, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Юнивишнь, Скаймедиа зэрэг компаниуд хариуцаж, орлогынхоо 15 хувиас доошгүй хэмжээгээр телевизүүдэд хөлс төлөх ажээ. 

Гэтэл Юнивишнь, Скаймедиа зэрэг компаниуд иргэдийн төлбөр дээр шууд 2500 -3500 төгрөг нэмж байгаа хууль зөрчиж байж болзошгүй байгаа юм. 

Сонирхуулахад, “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн өөрчлөлт иргэдийн анхаарал тэр бүр өртөхгүй батлагдсан нь нэр бүхий телевизүүд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” /ҮХНӨ/-ийн төслийг шүүмжлэхгүй байх асуудлаар эрх баригчидтай тохиролцсон байж болзошгүй гэх эх сурвалжуудын хардлага байдаг. Учир нь ҮХНӨ 2019 оны арван нэгдүгээр сард соёрхон батлагдаж, 2020 оны тавдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхэлсэн билээ.  




Өнөөдөр үхэр өдөр

16 цагийн өмнө