Хурд хэтрүүлсэн жолооч А.Гансүхийн аавыг мөргөж, хэргийн газрыг орхин зугтахыг оролджээ

Хурд хэтрүүлсэн жолооч А.Гансүхийн аавыг мөргөж, хэргийн газрыг орхин зугтахыг оролджээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх хоёр хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 09-ний өдөр Өдрийн сонинд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаар улс төржиж байна” гэх утга бүхий ярилцлага өгсөн юм. 

Гэтэл тус ярилцлага гарсан өдрийн 17:50 цагт түүний аав автозамын осолд орсон байгаа юм. Тэрбээр энэ тухай мэдээлэхдээ, “У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт. Өндөр настай аавыг минь машинаар дайрлаа. Үүнийг би тохиолдол гэж бодохгүй байна.” хэмээн  өөрийн цахим хаягтаа мэдэгдсэн юм.

Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар түүний мэдээлэлд хариу болгож, “А.Гансүхийн аавд тохиолдсон явдалд харамсаж байна. Түүний сэтгэл зүйг бас ойлгохыг хичээж байна. Гэхдээ баримт нотолгоогүйгээр хүний нэр цохож гэмт хэрэгт гүтгэх нь байж боломгүй хууль бус үйлдэл” хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичсэн байгаа юм.

Тэгвэл зарим эх сурвалжид “А.Гансүхийн аав А-г Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байх “Хурд” хорооллын урд замд “явган хүний зам”-аар гарч явахад нь автомашинаар дайрч, хүнд гэмтээсэн. Ослын улмаас А-ын хавирга хугарч, тархиндаа гэмтэл авсан байж болзошгүй байгаа ажээ. Харин тус явдал хяналтын камерт бичигдэж үлдсэн байна. Тодруулбал, хоёрдугаар эгнээнд явсан автомашины жолооч гэнэт нэгдүгээр эгнээнд огцом дарж орсон. Үүний дараа тоормос гишгэж, кардан татсан. Ингээд автомашин зам дээр хөндөлдөж гарцаар алхаж явсан А-г мөргөж, хүнд гэмтээсэн. Улмаар тус жолооч хэргийн газрыг орхиж зугтахыг оролдсон” хэмээн мэдээлжээ.