Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 12-нд буюу өнөөдөр Төрийн албаны зөвлөл 21 аймаг, нийслэлийн Тамгын газартай хамтран улсын хэмжээнд зохион байгуулж байна. Сорилын агуулга нь ерөнхий мэдлэгийн буюу хууль эрх зүй, нийгэм, эдийн засаг, соёлын мэдлэг, монгол хэл, бичиг,дүн шинжилгээ хийх чадварын тестээс бүрдэх бөгөөд 21 аймаг, нийслэлийн шалгалтын үйл ажиллагааг цахимаар хянаж, оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулах аж.
Шалгалтыг нийслэлийн төр захиргааны тавдугаар байр буюу нийслэлийн Инновацийн төвийн байранд хуваарийн дагуу авах юм байна. Нийслэлийн хэмжээнд найм хоногийн хугацаанд нийт 5788 иргэн шалгалт өгөх ажээ.
Ташрамд дуулгахад, Засгийн газар хоёрдугаар сарын 17–ны өдөр /2021.02.17/ “энэ оныг дуустал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх"-ээр шийдвэрлэж 43-р тогтоолыг баталсан. Уг тогтоолын “1.2-д шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ он дуустал төрийн албанд шинээр албан тушаал бий болгож, орон тоог нэмэхгүй байх нь.