Интернет тасалдсаны улмаас “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал хойшилжээ

Интернет тасалдсаны улмаас “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал хойшилжээ

Өнгөрсөн оны аравдугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээс Ш.Батхүүд 8 жилийн хорих ял, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Г.Алтан, Э.Сүрэн нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах шийдвэр гаргасан.

"Жаст"-ын Ш.Батхүү нь "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавин, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан, Олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйвар болон уг луйварт Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл", “Олон овоот" ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг үйлдлээр буруутгагдсан юм.

Харин өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дээрх иргэдэд холбогдох шүүх хурал товлогдсон байсан ч Ш.Батхүүгийн хоригдож байгаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангиас техникийн саатал гарч, интернет сүлжээ гэмтсэн учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг тавьсан байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч шүүх хурлыг энэ сарын 17-нд болгож хойшлуулжээ. Ш.Батхүү болон түүний өмгөөлөгчид “Эрдэнэт үйлдвэр”-ийн хууль ёсны төлөөлөгч тэргүүтэй хүмүүсийн гаргасан гомдлын дагуу дахин шүүх хурал зарлаад байсан юм.