Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 12-ны өдрөөс эхлэн улс орон даяар зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг мэдээлэл хийжээ. Энэ үеэр “Ерөнхий шалгалт бол хөгжлийн санг бүрдүүлж байгаа. Төрийн албаны шалгалт бол “мангас” биш. Оюуны чадамжтай хүн төрийн албанд ажилд ороход бэлэн” гэжээ.
Өмнөх шалгалтаар төрийн байгууллагад ажилладаг хүн ихрийнхээ оронд шалгалт өгсөн зөрчил илэрчээ. Улмаар тус иргэн ажлаасаа халагдсан байна. Энэ жилийн шалгалтын үйл ажиллагааны онцлог нь шалгалтад оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулан шалгалтыг авах тул шалгуулагчаас өөр иргэн шалгалтад орох зөрчил гарахгүй. Нийслэл, 21 аймгийн шалгалтын үйл ажиллагааг цахимаар хянах боломжийг бүрдүүлжээ.
Мөн Төв аймагт коронавирусийн голомт үүсч, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа тул Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулахгүй. Халдвар намжсаны дараа явуулна гэдгийг Төрийн албаны зөвлөлийн гишүүд онцоллоо.