Эрүүл мэндийн салбарын мэдээллийг хакердаж, зарах гэж байсан этгээдүүдийн шүүх хурал болно

Эрүүл мэндийн салбарын мэдээллийг хакердаж, зарах гэж байсан этгээдүүдийн шүүх хурал болно

Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх “Zeroday” компанийн ажилтан Б, Б, О нар нь 2019 оны зургадугаар сараас есдүгээр сарын хооронд эрүүл мэндийн газрын Hinfo.mn сайтын цоорхой байдлыг олж илрүүлэн Монгол Улсын иргэдийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг олж авч улмаар Darkweb буюу олон улсын хаалттай хар зах дээр зарах гэж байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм.

Харин хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийн зүгээс төрийн байгууллагуудын цахим системийн аюулгүй байдал маш муу байсныг илрүүлснийхээ төлөө шүүхэд дуудагдаж, гүтгэгдэж байна гэсэн байр суурьтай байгаа аж.

Hinfo.mn нь эрүүл мэндийн салбарын бүх шатлалд цаг захиалга, амбулаторийн үзлэг, оношилгоо шинжилгээ, өвчний түүхийн бүртгэл, эрүүл мэндийн бүртгэлийг мэдээлэх хуудсуудыг бүртгэн бүх төрлийн тайлан мэдээ гаргаж, даатгалын нэхэмжлэлийг боловсруулж илгээх зориулалт бүхий цаашлаад иргэн бүрийн эрүүл мэнд, улс орны аюулгүй байдалтай холбоотой маш чухал мэдээллийг хадгалж буй систем ажээ.