Төрсөн дүүгээ онц хэрцгийгээр хөнөөсөн Г-д бүх насаар нь хорих ял төлөвлөжээ

Төрсөн дүүгээ онц хэрцгийгээр хөнөөсөн Г-д бүх насаар нь хорих ял төлөвлөжээ

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутагт “Шуудайд хийсэн, сэжигтэй зүйл байна” гэх дуудлага өнгөрөгч 2020 оны арван нэгдүгээр сарын 23-ны өдрийн 21:45 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. 

Ингээд алба хаагчид шалгалт хийхэд “2004 онд төрсөн, 16 настай эмэгтэйг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөгөөд мөчилж, шуудайд хийсэн цогцос олдсон” тул тус хэрэгт холбогдуулан амь хохирогчийн төрсөн ах болох 18 настай Г-г сэжиглэн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байдаг. 

Ингээд мөрдлөгийн явцад эмэгтэйн цогцсыг мөчилж, зарим хэсгийг нь өөр газарт нуусан байсныг хэрэгт холбогдогчоор заалган олсон гэдэг. 

Тус хэргийн сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа Г нь гэр бүлийн маргаанаас үүдэн дүүгээ боомилж хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, биеийнх нь зарим хэсгийг зааж өгсөн нь энэ аж. Мөн тэрбээр гэрийнхнээсээ тусдаа амьдардаг бөгөөд цогцсыг 20 хоног гэртээ хадгалж байгаад хаясан хэмээн мэдүүлсэн байна. 

Сэжигтэн Г өмнө нь буюу 2017 онд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн ял сонсож байсан ч хэргийг үйлдэх үедээ 13-14 настай байсан учир шийтгэлийг нь хойшлуулсан удаатай юм байна. Тэгвэл түүний төрсөн дүүгээ хөнөөсөн хэргийг нь цагдаагийн байгууллагаас шалгаж дууссан бөгөөд яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт шилжүүлжээ. Иймд хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцаад Эрүүгийн хуулийн 10.1.2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, харгис хэрцгийгээр хүний амь бүрэлгэсэн” хэмээн дүгнэж, яллах дүгнэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр болжээ. Сонирхуулахад, Эрүүгийн хуулийн 10.1.2.8-д “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заажээ.




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө