Таксины жолоочид зодуулсан иргэний гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгахгүй гэжээ

Таксины жолоочид зодуулсан иргэний гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгахгүй гэжээ

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Т.Ариунболд энэ сарын 7-ны 17.00 цаг орчимд сансрын тунелээс зүүн дөрвөн зам чиглэлд такси барьжээ.  Таксинд суугаад 200 метр орчим явсны дараа ажил дээрээ эд зүйлээ мартсанаа санаж, жолоочоос нь буцах боломж байгаа, эсэхийг асуужээ. Харин таксины жолооч 25-30 орчим насны эрэгтэй буцах боломжгүй мөн хүлээхгүй гэсэн аж.

Ингээд Т.Ариунболд тухайн газарт таксинаас буухаар болж, жолоочид нь 1000 төгрөг өгсөн гэнэ. Харамсалтай нь, таксины жолооч үйлчлүүлэгчээ төвөг удсан хэмээн зандарч, илүү мөнгө нэхжээ.

Т.Ариунболд нэхсэн мөнгийг нь өгөөгүй учир таксины жолооч түүнийг түлхэж унагаад, хэд хэдэн удаа дэвсэлж, зодсон байна.

Тэрбээр энэ талаар “Тэр үед хажуугаар өнгөрч явсан залуу таксины жолоочийг болиулсан. Би Өмнөговь аймгийн “Тэнүүн говь” нүүрсний уурхайд ажилладаг бөгөөд нэг жилийн өмнө ажлын байрандаа осолд орж, зүүн хөлөө гэмтээсэн учир доголж явдаг. 40 шүргэж яваа, хөл муутай хүнийг 20 гаруйхан настай, үйлчилгээ үзүүлж буй таксины жолооч зодож, эд зүйлийг нь гэмтээсэн байхад цагдаагийн байгууллагынхан “Гомдлыг нь хаана, тухайн таксины жолооч олдохгүй байна” гэж хэлсэн.

Уг нь хэрэг гарсан даруйд цагдаагийн байгууллагынханд хандаж, тэд ч түргэн шуурхай газар дээр нь ирсэн юм. Ингээд цагдаагийн хэлтэс дээр очиж гомдол гаргаж, машины марк, улсын дугаарыг нь тэмдэглүүлсэн. Гар утас эвдэлж, хувцсыг минь урсан учир гомдол гаргасан. Гэвч цагдаагийн байгууллагынхан өчигдөр холбогдоод тухайн жолоочийг олох боломжгүй, гомдлыг нь хүчингүй болголоо гэсэн. Одоо хаана хандахаа мэдэхгүй байна” гэлээ.




Өнөөдөр үхэр өдөр

14 цагийн өмнө