Хахууль авсан Б.Мягмар, өгсөн А.Хашбал нарт яллах дүгнэлт үйлджээ

Хахууль авсан Б.Мягмар, өгсөн А.Хашбал нарт яллах дүгнэлт үйлджээ

Олон улсын ачаа тээвэр зуучийн компанийнхнаас хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан үндэслэлээр Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар (УХШИГГ)-ын даргаар ажиллаж байсан Б.Мягмарыг хуулийн байгууллагынхан 2019 оны есдүгээр сараас шалгаж эхэлсэн билээ.

Тодруулбал, Б.Мягмар нь Монгол, АНУ-ын хооронд тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалаас удаа дараа хахууль авч байсныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тогтоожээ.

УХШИГГ-ын даргаар ажиллаж байсан Б.Мягмарын найз У.Энхболд “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалтай гэрээ байгуулж, хахуульд авсан мөнгийг нь өөрийн дансаар дамжуулдаг байсан нь тогтоогдсон аж. Тиймээс НПГ-аас Б.Мягмарт Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Харин “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалд мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийг үндэслэн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Уг хэргийг дээрх шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун хянан, урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг нь хийгээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахаар шийдвэрлэв.