Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар яг одоо хорих 401-р ангийн эмнэлэгт ажиллаж ялтан Т.Чимгээтэй уулзаж байна. Т.Чимгээгийн хувьд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан тус ангид хоригдож байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэн Т.Чимгээтэй уулзсаны дараа мэдээлэл хийсэн бөгөөд үүний дараа хилсээр хоригдож байж болзошгүй Т.Чимгээ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр “Би 2015 онд хэлмэгдэж, хоригдсон. Тэр хугацаанд маш хүнд байдалд байсан. Ариун цэврийн хэрэглэл байхгүй, ариун цэврийн өрөө байхгүй, зоорь шиг өрөөнд 9 сар байсан. 2019 оны гуравдугаар сард Төв аймгийн 401-р ангид ирээд эмчилгээ хийлгэж, сэтгэл санаа арай дээрдсэн. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн, тарчлаан зовоосон, үр хүүхэд минь амиа алдсан.
Миний ар гэр, амьдрал ахуй бүгд сүйрсэн. Хэн хэний захиалгаар намайг хэлмэгдүүлээд байгааг би огт мэдэхгүй байна. Тэр хэрэг гарах үед би Дорноговь аймагт ээж дээрээ байсан. Үүнийг нотлох баримт ч байдаг” гэж мэдээллээ.
Түүний охин 2015 онд зам тээврийн ослоор нас барсан бөгөөд тухайн үед Т.Чимгээг байцааж байсан байцаагч “хүүхэд чинь нас барсан, нүгэл чинь нүдээр чинь гарч байна” гэж хэлээд ажил явдалд нь оролцуулаагүй талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм. Мөн Т.Чимгээ охиных нь үхэлд хэн нэгэн буруутай байж болзошгүй гэж үзэж байгаа тул дахин шалгаж өгөхийг Хууль зүйн сайд Х.Нямбаатараас хүссэн байна. Түүний сэтгэл санаа хүнд байгаа тул сэтгүүлчдийг олон зүйл асуухгүй байхыг зөвлөсөн юм.