Цагдаагийн алба хаагчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байсан этгээдэд шүүхээс дөрвөн сая төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Тодруулбал, Б.Анхбаяр гэх иргэн хуурамч бичиг баримт, энгэрийн тэмдэг ашиглан хоёр жилийн хугацаанд ашигласан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тэрбээр 2018 оны аравдугаар сараас эхлэн оройн цагаар ажиллаад автобусны зогсоол дээр байгаа машинуудаас үнэмлэхийг нь хурааж аваад буцааж өгөхдөө 10-20 мянган төгрөг авдаг байжээ. Мөн үнэмлэхээ үзүүлэн төлбөртэй зогсоолд машинаа үнэгүй байршуулах зэргээр бусадтай дээрэнгүй, харьцдаг байсан нь гэрчийн мэдүүлгүүдээр тодорхой болсон байна.
Улмаар эрүүгийн хуулийн 23.2.1 буюу Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэсэн зүйл ангиар шалгаж хэргийг яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасан цагдаагийн албан хаагчийн А серийн албаны үнэмлэх, энгэрийн тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.