Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ дахь айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд АНУ-нь манай улстай стратегийн түншлэлтэй тав дахь улс болж буйгаа өнөөдөр зарлалаа. Ерөнхийлөгчийн айлчлалын багт багтаж яваа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-тай Стратегийн түншлэлд хүрсэн нь ямар ач холбогдолтой талаарх ийнхүү ярьжээ.
Тэрбээр, “Монгол Улс бүс нутагтаа АНУ-ын хамгийн ойрын түнш болж байна. Ингэснээр хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засгийн харилцаа, боловсрол соёлын харилцаанд маш том ахиц гарна. Цагаан ордонд болсон уулзалтын үеэр стратегийн түншлэлийн хүрээнд “Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл” өргөн баригдсан. Бүрэн хэмжээнд дэмжиж ажиллахаа АНУ-ын талаас илэрхийлж байгаа. Үүний цаана Монголын боловсруулах үйлдвэрийн түвшин, ажлын байр, түүнийг дагаад хүмүүсийн орлогын түвшин нэмэгдэнэ. Энэ бүхэн манай эдийн засагт маш том хувь нэмэр оруулах түлхэц болно. Нөгөө талаас худалдааны харилцаа, тэр дундаа манай экспортыг тэлснээр зээл тусламжаас илүү том дэмжлэг болох юм. Өөрөөр хэлбэл загас хэрхэн барихыг зааж өгч байна гэсэн үг. Зээл тусламжийн бодлогоос илүү шат ахисан, монголчууд өөрсдөө эдийн засгаа хөгжүүлэх, нэмүү өртгөө өөрийн газар нутаг дээр, өөрсдийн ажиллах хүчээ ашиглаад гаргах боломжийг нээж өгч байгаа юм” хэмээн ярилаа.