Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зургаан орлогч, удирдагчтай ажиллах юм. Тухайлбал,
- Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогчоор Р.Чингис,
- Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн удирдагчаар Ж.Сандагсүрэн,
- Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаарД.Ихбаяр,
- Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөмөө,
- Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Одсүрэн,
- Нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар нар юм.
Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазарын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж буй З.Төмөртөмөө нь өнгөрөгч хоёрдугаар сар /2021.02/-ын сүүлээр архидан согтуурч, танхайрсан байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч эхлээд байна.
Хоёрдугаар сарын 26 ны өдөр нийтлэгдсэн тус мэдээлэлд “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгэн буудлын бааранд З.Төмөртөөмөө болон нэр бүхий албан тушаалтнууд архидан согтуурч, танхайрчээ. Улмаар шөнийн 12 цагийн үед Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст тайлбар мэдүүлэг өгсөн байна” гэжээ.
Сонирхуулахад, З.Төмөртөөмөө нь СУИС-ийг менежерийн чиглэлээр дүүргэсэн. Г.Занданшатарын Баянхонгор дахь тойргийн асуудлыг бүрэн хариуцдаг. Мөн УИХ-ын даргын ахуйн аахар шаахар асуудлын зохицуулалтын ард дандаа З.Төмөртөөмөө байдаг гэдэг. Тэрээр УИХ-ын даргыг ЗГХЭГ-ын дарга байхад нь л зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн НАМЗХ-ны Пи ар хорооны дарга байж. Улс төрийн карьерийн хувьд ийм. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын дарга байхад халдашгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан З.Төмөртөөмөө БНСУ-д нэгэн “факт”- д нэр холбогдож байлаа. Тодруулбал, Сөүл хотын Чуннам дүүргийн Цагдаагийн газарт шөнөжин агсам тавиад, өглөөний 7:00 цагт саатуулагдлаа гэсэн мэдээлэл тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиантай гэгч нь цацагдсан. Гэтэл “андуурагдсан сугалаа” болж энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тайлбар хийж, залруулж байв. “З.Төмөртөөмөө баригдаж эрүүлжүүлэгдээгүй. Харин Монголоос очсон хүмүүс баригдсаныг суллуулж авсан” гэх үйлдлээсээ үүдэж ийнхүү хэвлэлийн бай болсон “харамсалтай ч гэх үү, хөгжилтэй ч гэх үү” түүхтэй хүн.
Иймд сүүлийн жилүүдэд иргэд зүгээс “төрд ажиллаж байгаа хүмүүсийг өндөр ёс суртахуун, хариуцлагатай байхыг шаардах болсон” тул бид энэхүү мэдээллийг нийтлэв.