Дарханы замыг шинэчлэх ажлыг зарим компани ХАЯЖ гарсан уу

Дарханы замыг шинэчлэх ажлыг зарим компани ХАЯЖ гарсан уу

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчлэх ажлыг өнгөрсөн хавар эхлүүлж, нээлтэнд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан оролцож тууз хайчилсан. Тус замыг шинэчлэх ажил одоогоор үргэлжилж байна. Харин зорчигчид явж буй түр зам нь олон хоног орсон борооны усанд идэгдэж, том нүх гарсан, шавар шавхай ихтэй, хальтиргаа үүссэн хүндхэн нөхцөл байдалтай  байгаа юм.

Дархан чиглэлд хоёр тусдаа зам баригдана. Нэг нь одоогийн хуучин муу замыг өргөтгөн, шинэчилж дөрвөн эгнээтэй болгох юм. Уг замыг тавих нийт төсөв 60 сая ам доллар. Үүний 58.5 сая долларыг Азийн Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр, 1.5 сая долларыг буцалтгүй тусламжаар тавьж эхлээд байна. 58.5 сая долларын хувьд тодорхой хугацаанд үндсэн зээл, хүү төлөхгүй бөгөөд хэсэг хугацааны дараанаас төлөх маш бага хүүтэй зээл юм. Уг замыг эхний 5 см хучилтыг ирэх намар арваннэгдүгээр сард хүлээн авна. Харин сүүлийн 10 см хучилтыг ирэх хавар хүлээн авна гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Гэхдээ Дархан-Эрдэнэт түүнээс цаашхи чиглэлд уг замаар явах иргэд ирэх намраас шинэ замаар явах уу гэдэг мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа юм.

Уг замын ажлын тендерийг Азийн хөгжлийн банкнаас монголчуудын нэг ч оролцоогүй зохион байгуулж БНХАУ-ын доорх таван компанийг шалгаруулсан байна. Уг таван компани нь дор бүрнээ 2-4 туслан гүйцэтгэгч Монгол болон Хятад компанитай одоо ажлаа гүйцэтгэж байна

Дээрхээс гадна хоёр эгнээтэй цоо шинэ замыг мөн тавина. Уг шинээр нэмж барих хоёр эгнээ зам нь Европын сэргээн босголтын банкны 125 сая ам долларын зээлээр хийгдэнэ. 10-18 жилийн хугацаатай эхний 3-5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй бөгөөд жилийн хүү нь LIBOR+1% байх юм.

Ажил гүйцэтгэх компанийн эхний шалгаруулалт зургадугаар сарын 15-нд болсон. Дараагийн шалгаруулалт наймдугаар сарын 15-нд явагдана гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлсэн. Үндсэн ажил есдүгээр сард эхэлнэ. Хойтон жил буюу 2020 онд наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж буй. Уг замаар Сэлэнгийн Алтанбулаг боомтоос болон Улаанбаатараас олон улс руу гаргах транзит тээврийн ачаа, бараануудыг зөөнө. Жинхэнэ тээврийн зориулалттай зам тавина гэх мэдээлэл бий.

АСУУДАЛ

Европын сэргээн босголт банкны санхүүжилтээр барих хоёр эгнээ шинэ замын тендер шалгаруулалтад оролцсон дөрвөн компанийн нэг нь ажлаа хаяж буй тул дахин тендер зарлах нөхцөл үүссэн гэх мэдээлэл гараад байна.

Тендерийн хуулийн дагуу хамгийн бага үнийн саналтай оролцсон дөрвөн компани шалгарсан ч компаниуд алдагдалтай ажиллахаар байгаа тул ажлаа орхисон гэх мэдээлэл байгаа юм. Тэгэхээр уг тендерийг наймдугаар сарын 15-ны шалгаруулалттай хамт зарлаж магадгүй байна. Замын ажил есдүгээр сард эхлэх ёстой атал өнөөдөр тендерийн сонгон шалгарлуулт будлиантай, ажил жигдрээгүй байгаа талаарх мэдээллийг бид судалж дахин мэдээлэх болно.