“Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй зодолдоогүй” гэж А.Гансүх мэдэгдэв

“Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй зодолдоогүй” гэж А.Гансүх мэдэгдэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга түүнтэй уулзаж маргалдсан, энэ үеэр тэд гар зөрүүлсэн гэх мэдээллийг зарим эх сурвалжууд нийтэлж буй. 

Тодруулбал, “Засгийн газар огцорсны дараа буюу 21-ний орой Ерөнхий сайдын өрөөнд үргэлжилсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын өрөөнд явж оржээ. Ерөнхийлөгч орж очоод “…Чамайг ингэнэ гэж бодсонгүй. Бас Шүүхийн хууль юу болов оо. Чи яаж байгаа юм бэ” гэхэд У.Хүрэлсүх “…Таны байгуулсан шүүх Ц.Элбэгдоржийнхоос юугаараа ялгаатай юм бэ. Шударга ёсонд ялгаатай ханддаг шүү. Яагаад хариуцлага хүлээх ёстой хүмүүс зүгээр үлдээд байдаг юм бэ. Тийм учраас би шүүхийг авч байгаа юм” гэсэн байна. 

Ингэхэд нь Ерөнхийлөгч “…Чи Сү.Батболдын талд орж, түүнд худалдагдчихсан байна” гэжээ. Тэгэхэд нь У.Хүрэлсүх “…Яг үнэндээ Оюутолгойн гэрээг сайжруулахгүй гэж Аюулгүйн зөвлөлийн хуралд дээр ярьсан чинь протоколд үлдсэн шүү” гэжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч “…Чи над дээр импичмент хийнэ гэсэн үү. Кноп чинь хүрдэг юм бол хийгээрэй” гэхэд У.Хүрэлсүх “…Таны туслах яахаараа шүүгч нар руу утасдаж ял төлөвлөдөг юм бэ” гэсэн байгаа юм. 

Эцэст нь Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийн шилбэ рүү өшиглөж, У.Хүрэлсүх нь Ерөнхийлөгчийн нүдэн тус газар цохисноор асуудал намжжээ. Намжсан ч гэж, дэргэд нь байсан хүмүүс салгасан байна” гэж мэдээлж буй. 

Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын итгэлт хүн гэдэг А.Гансүх дээрх мэдээллийн талаар өөрийн нүүр хуудастаа “Худлаа, хуурамч мэдээлэл гэдгийг батлан хэлье” гэж мэдэгджээ. Түүний энэхүү мэдэгдлээс үзвэл Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн МАН-ын дарга У.Хүрэлсүх нар зодолдоогүй гэсэн санааг тэрээр илэрхийллээ гэж ойлгогдож байгаа юм.