АТГ: Бичлэгт гарсан ажилтанг албан тушаалаас нь чөлөөлж байна

АТГ: Бичлэгт гарсан ажилтанг албан тушаалаас нь чөлөөлж байна

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нэр бүхий шүүгчид болон Авлигатай тэмцэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилчид хөл хорио тогтоосон энэ үеэр “цугларч, архидан согтуурсан”, цаашлаад энэ үеэр “биеэ үнэлэлт” буюу хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй талаарх бичлэг цахим орчинд тархсан билээ. Тэгвэл уг бичлэгт гарсан АТГ-ын хоёр ажилтанг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, АТГ-ын ажилтны нэр дурдагдаж дүрс, зураг нь тавигдсан асуудалд тус газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан нэгжээс ажилтан, комиссар П.Чулуунбаатарт холбогдуулан албаны шалгалтыг хийсэн байна. Шалгалтын дүнг үндэслэн АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны ажилтан, комиссар П.Чулуунбаатарыг өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Энэ тухай П.Чулуунбаатар "Байгууллагынхаа албаны нэр хүндийг унагаж, олон нийтэд буруугаар ойлгогдох нөхцөл байдлыг бий болголоо. Тиймээс ёс зүйн хувьд цаашид ажиллах боломжгүй гэдгээ ухамсарлаж байна. Хамт олноосоо уучлалт хүсье” гэсэн байна. Түүнчлэн П.Чулуунбаатар нь авилгын гэмт хэрэг шалгадаг мөрдөгч мэтээр мэдээлсэн нь ташаа бөгөөд Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байгаагүйг АТГ-аас мэдээллээ.