Эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчиж болно гэх ташаа мэдээлэл цахим орчинд тарсан. Үүнтэй холбоотойгоор ТЦА-аас тайлбар гаргалаа. Тайлбарт,
-
-
- Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.”,
- Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3. дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.”,
- Мөн хуулийн 13.2.1.-т замын хөдөлгөөнд оролцогч бүр “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүрэгтэй талаар зааж өгсөн байдаг.
- Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.-т “Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино. Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино.” гэж эрх зүйн хувьд тодорхойлсон байдаг.
- Өмнө нь нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн тээврийн автобусыг түргэн шуурхай нэвтрүүлэх зорилгоор Энхтайваны өргөн чөлөөнд баруун гар талын захын эгнээгээр бусад төрлийн тээврийн хэрэгслийг зорчихыг хязгаарлах шийдвэр гарган зохицуулж байсныг 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Замын хөдөлгөөний дүрэмд оруулж дараах байдлаар тусгасан. Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулан 5.14 тэмдэг болон 1.22 тэмдэглэл байрлуулсан эгнээг “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ” гэнэ.
- Мөн тус дүрмийн 11.10.-т зааснаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглосон. Харин тухайн эгнээгээр шуурхай албаны тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон автомашин, суудлын такси, "Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл», «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн" гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслүүд байрлан явахыг зөвшөөрсөн байдаг.
- Эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд олгож байгаа ногоон өнгийн дэвсгэртэй улсын бүртгэлийн дугаартай автомашинтай иргэд “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-ээр явах нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа үйлдэл болно" гэжээ.
-
Өөрөөр хэлбэл цахилгаан машин нэгдүгээр эгнээгээр зорчихгүй. Харин дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх давуу талтай болохыг анхаарууллаа.