Хүчингүй болсон АН-ын тамгыг ашиглаж П.Нүрзэдийн гаргасан хүсэлтийг УДШ хэлэлцэхээр болжээ

Хүчингүй болсон АН-ын тамгыг ашиглаж П.Нүрзэдийн гаргасан хүсэлтийг УДШ хэлэлцэхээр болжээ

Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан АН-ын тамгыг хүчингүй болгож, улмаар тус намын тамгын хяналтын дугаарыг шинэчилж, С.Эрдэнэд олгосон байдаг. АН-ын тамгатай холбоотой өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Мөн Улсын дээд шүүх /УДШ/ нэгдүгээр сарын 14-ны өдрийн хурлаараа “АН-ын 10 дугаар их хурлаар баталсан гэх тус намын дүрмийг хүлээн авахаас татгалзаж, “АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан” гэсэн цахим бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэсэн албаны мэдээлэл бий. Ингэснээр эрх зүйн хувьд Ц.Туваан тус намыг төлөөлөх, шийдвэр гаргах боломжгүй болсон гэж буй. 

-ХҮЧИНГҮЙ БОЛСОН АН-ЫН ТАМГЫГ АШИГЛАСАН П.НҮРЗЭДИЙН ХҮСЭЛТИЙГ УДШ ХҮЛЭЭЖ АВАХАД ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА НӨЛӨӨЛСӨН ҮҮ-

Мөн Ц.Туваан нь АН-ын хүчингүй болсон тамгыг ашиглаж, зарим албан тоотыг үйлдэж байж болзошгүй хэмээн үзэж, “АН-ын тамгыг Ц.Туваан нь хууль бусаар эзэмшиж байгаа асуудлыг шалгаж өгнө үү” гэж нэр бүхий өмгөөлөгч цагдаад гомдол гаргасан байдаг. Иймд цагдаагийн байгууллагаас “тус гомдол мэдээллийг хүлээн авч, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа” гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл Ц.Тувааны хэрэглэж байсан АН-ын хүчингүй болсон тамгыг ашиглаж, П.Нүрзэд “тус намын үндсэн дүрмийг дахин бүртгүүлэхээр гаргасан хүсэлт”-ийг нь Улсын дээд шүүх /УДШ/ хэлэлцэхээр хүлээн авсан байна. 

Учир нь илт хууль бус П.Нүрзэдийн хүсэлтийг УДШ хүлээж авсан нь Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөөлөл орсон байж болзошгүй гэж зарим эх сурвалж үзэж байгаа ажээ. 

УДШ-ийн зар 2021.02.26

Тодруулбал, ирэх баасан гараг /2021.02.26/ -т “АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх хуралдаан”-ыг УДШ-ээс зарласан байна. Энэ нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг улам бүр дордуулж байгаа бололтой. Учир нь нэр бүхий шүүгчид “биеэ үнэлж, хууль зөрчсөн” байж болзошгүй үйлдэлд нэр холбогдоод байгаа юм. 

-АН-ЫН ДҮРЭМД ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД АШИГТАЙ ЗААЛТЫГ НУУЦААР ОРУУЛСАН БАЙЖЭЭ –

Сонирхуулахад, УДШ-ийн хэлэлцэхээс татгалзсан АН-ын дүрмийн заалтад "Ерөнхийлөгч Х.Баттулгыг тус намаас нэр дэвшихэд давуу эрх олгосон" заалтыг гишүүдээрээ хэлэлцүүлж, батлуулалгүй нууцаар оруулсан байна. 

Энэ талаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийж, “АН-ын 10 дугаар их хурлаар гишүүдийн санал хураалтад оролцоогүй нэг заалт дүрэмд бичигдэж, УДШ-д очсон байдаг. Тодруулбал, УДШ-д өргөн барьсан дүрмийн төсөлд дотор гишүүдээрээ хэлэлцүүлж, батлуулаагүй 5.12.4.2.1 гэх заалтыг нэмж оруулсан. Тус заалтад “АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2 –д заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал эсвэл ҮБХ-оор өрсөлдөгчгүйгээр шууд хэлэлцэн шийдвэрлэх /энэхүү заалт 2021 оны 7 сарын 1 хүртэл хүчинтэй байна/” гэсэн нь АН-ын 10 дугаар их хурал, дүрмийн хэлэлцүүлэг бүтэлгүйтсэн. Үүнийг редакцалж хянаж, гарын үсгээ зурж Дээд шүүхэд хүргүүлсэн хүмүүс гэвэл:

  • Редакцын комиссын даргаар С.Ламбаа /Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх/
  • Н.Бундхорол
  • Сансэр
  • Ц.Сүхбаатар
  • Ганчимэг
  • Алтанчимэг
  • Н.Ариунболд

Хурлыг удирдаж, гарын үсгээ зурж УДШ рүү хүргүүлсэн хүмүүс: 

  • УИХ-ын гишүүн Ц.Туваан
  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
  • МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин
  • АН-ын гишүүн н.Ган-Очир нарын энэ хүмүүс УДШ-д энэ материалыг хүргүүлсэн байна. 

Энэ бол АН-ын Их хурал дээр хэлэлцэгдээгүй, намын гишүүдээс гаргаагүй, ийм саналыг УДШ-д хүргүүлсэн байна. Энэ үйл явдал бол АН-д хар толботой үлдэж байна. Энэ хүмүүс АН-ын нийт гишүүдээсээ уучлалт гуй, хариуцлагаа хүлээх ийм шаардлага гарч байна” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл өмнө нь УДШ-ын хүлээж авахаас татгалзаж буцаасан АН-ын дүрмийг П.Нүрзэд хүчингүй болсон тус намын тамгыг ашиглаж, хүсэлт гаргахад УДШ хүлээж авсан бололтой.