Найз охиноо 13 давхараас шидэж амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа О.Боргил 20 гаруй хоногийн өмнө мөрдөн байцаагчийн саналаар батлан даалтанд гаргаж суллажээ.
Хүний амь санаатайгаар бүрэлгэсэн байж болзошгүй хэрэгт татагдан шалгагдаж байгаа О.Боргил одоог хүртэл өөрийгөө гэм буруугүй. Талийгаач найз охиноо амиа хорлосон гэж мэдүүлсээр байгаа аж. Харин шүүх эмнэлэгийн дүгнэлтээр талийгаачийг гадна нөлөөтэй нас барсан гэдгийг тогтоосон байдаг.
Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны 13 давхараас 22 настай Ц унаж учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан.
Талийгаач Ц найз залуу О.Боргилтой 2018 оны 10-р сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн байдаг. О.Боргил талийгаач Ц-г зодож, дарамталдаг байсан тухай талийгаачийн ар гэрийнхэн мэдээлж байсан. Найз залуу О.Боргил нь талийгаачийг өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр уруулыг сэтэрч, биеийн бүх хэсгийг нь хөхөртөл зодсон байна. Зодуулсаныхаа дараа орныхоо хөнжил, цамцан дээр нь асгарсан цусны болон бусад зургийг найз охин руугаа фэйсбүүкийн чатаар явуулж байжээ. Найз нь түүнийг хадгалж байсан бөгөөд цагдаагийн байгууллагад нотлох баримт болгон өгсөн аж. Одоогоор сэжигтэн О.Боргил гадуур байцаагдаж байгаа тухай эх сурвалж мэдээлэв.
У.УРАНЦЭЦЭГ