ИРГЭН Д: Би цаашид яаж энэ улсад амьдарч, эцэг, эхийнхээ өөдөөс эгцэлж харах юм

ИРГЭН Д: Би цаашид яаж энэ улсад амьдарч, эцэг, эхийнхээ өөдөөс эгцэлж харах юм

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нэр бүхий шүүгчид болон АТГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилчид хөл хорио тогтоосон энэ үеэр “цугларч, архидан согтуурсан”, цаашлаад энэ үеэр “биеэ үнэлэлт” буюу хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй талаарх бичлэг цахим орчинд гарсан. 

Тус бичлэг дээр 3-4 бүсгүйн нүүр царай тод гардаг бөгөөд тэдний нэг болох иргэн Д гэх бүсгүй хэвлэлд ханджээ. Тэрээр  “Хүний дансанд мөнгө орж, гарч л байдаг. Зөвхөн дансны хуулгаас болоод хүнийг янхан гэж дуудаж болохгүй биз дээ. Би цаашид яаж энэ улсад амьдарч, эцэг, эх хамаатан садныхаа өөдөөс эгцэлж харах вэ. Би одоог хүртэл гэртээ харьж чадахгүй байна.

Надад одоо маш их дарамт ирж байна. Эмэгтэй хүнийг ийм өчүүхэн болгож харагдуулдаг нийгмээс айж байна.

Тухайн өдөр би өөрийн найз н.Отгонбаатартай уулзаж хоол, унд идэж яриа хөөрөө л болсон. Гэтэл яагаад ингэж олон нийтэд буруу ойлголт, төрүүлж миний болон найз нөхдийн маань нэр хүндэд халдаж байгаа юм бэ. Би маш их гомдолтой байна. Одоо надад найз нөхөд, гэр бүлээс маань маш их дарамт ирж байна. Ямар зорилгоор ийм зохион байгуулалттай гүтгэлэг яваад байгааг мэдэхгүй байна. Өнгөрсөн ням гарагийн өглөө хоёр цагдаа манай хаалгыг нүдээд PCR шинжилгээний хариу шалгана гэсэн. Тэгэхээр нь хаалгаа онгойлготол шууд миний утсыг булааж аваад, байрнаас авч гарсан. Тэр үедээ Бэлгүтэй гэх байцаагч нь намайг хэл амаар доромжилж “энэ хотхон дотор чинь Дори гээд орилвол бүх хүн чамайг танина” гэж доог тохуу хийсэн" гэж ярилцлага өгсөн юм.

Тодруулбал, ЦЕГ-аас өчигдөр мэдээлэл хийхдээ “Энэхүү бичлэгтэй холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан. Урьдчилсан байдлаар шалгалтын явцад “биеэ үнэлэлт”-ийг зохион байгуулсан байж болзошгүй эд мөрийн баримт олдсон тул хэрэг нээж, прокурорт явуулах саналыг хүргүүлж байна. Холбогдсон хүмүүсээс байцаалт, мэдүүлэг авсан. Тухайн бичлэг дээр гарсан эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн нь эхний байдлаар мөн тогтоогдсон. Гэхдээ үүнийг цаашид шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай” гэж мэдэгдсэн юм.