Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлддэг байсныг илрүүлэн таслан зогсоосон байна.
Тодруулбал, энэ сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 2.00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд 14-19 насны бүлэг этгээд тээврийн хэрэгслийн дугуй дөрвөн ширхэг, аккумулятор хоёр ширхгийг хулгайлж, хэргийн газраас зугтаах үед нь эргүүлийн алба хаагчид түргэн шуурхай илрүүлж, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн зургаан этгээд нь Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 14-19 насны, нэг эмэгтэй таван эрэгтэй байжээ. Тэд хулгай хийсэн эд зүйлээ зарж борлуулан цахим тоглоомын газарт үйлчлүүлэх санаа зорилготой байсан хэмээн мэдүүлсэн байгаа юм.
Иймд сурагчдын амралт үргэлжилж байгаа энэ өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж хаана явж байгаа, амралтаа хэрхэн зөв өнгөрүүлж байгаад анхаарал хандуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.