ТҮЦ-д худалдаалж байсан хиам, өндөгтэй хавчуургатай талханд хордсон 25 иргэний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарчээ. Одоогоор зургаан хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн хоёр нь сэхээн амьдруулах тасгаас энгийн тасагт шилжсэн байна.
Тодруулбал, ТҮЦ-ээс долдугаар сарын 18-22-ны өдрүүдэд хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч идсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор ХӨСҮТ-д хүргэгдсэн байдаг. Үүний дараа дахин 45 хүн хордсон оноштой хандсаныг тус эмнэлгээс мэдээлсэн.
Хордлогод орсон иргэд Тэнгис кино театр, Хүүхдийн урлан бүтээх төв болон Багшийн дээд, Бөхийн өргөөний автобусны буудлын ойролцоох ТҮЦ-үүдээс хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч идсэн байна.