Бусдын бичгийг үзүүлж Сэлэнгэ аймагт очсон халдвартай иргэнийг ХӨСҮТ-т буцааж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэв

Бусдын бичгийг үзүүлж Сэлэнгэ аймагт очсон халдвартай иргэнийг ХӨСҮТ-т буцааж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэв

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос хоёрдугаар сарын 10-нд шилжих шөнө буюу 00:00 цагт Улаанбаатар хотоос өөр хүний шинжилгээний бичгээр тус аймагт ирсэн иргэнээс Covid-19 халдвар илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тухайн иргэнийг Сэлэнгэ аймагт ирэх үед нь Шаамар сумын уулзвар дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна.

Тухайн иргэнийг ХӨСҮТ-рүү яаралтай буцаасан бөгөөд хамт зорчсон 37 иргэнийг яаралтай олж гэр гэрт нь тусгаарлаад байгаа ажээ. Тус 37 иргэнээс 15 нь замдаа өөр, өөр суманд буужээ.

Энэ талаар аймгийн засаг дарга Ш.Оргил “УОК-оос нийслэлд хөл хорио тогтоох  шийдвэр гарсан учраас аймгийнхаа иргэдийг татах ажлыг зохион байгуулж байна. Энэ явцад иргэн А-ийн хариу эерэг гарсан. Шалгалтын явцад тухайн иргэн нийслэлд PCR шинжилгээ өгчхөөд хариугаа авалгүйгээр найз болох иргэн Э-ийн бичиг баримтыг ашиглан автобусанд суусан нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, нийслэлд өгсөн шинжилгээний хариу нь халдвартай гарсан байхад хариугаа авалгүйгээр орон нутагт ирсэн гэсэн үг.

Нэг хүний амиа бодсон ухамсаргүй үйлдлээс болж цагаан сараа гэрийхэнтэйгээ тэмдэглэхээр аймагтаа  ирсэн олон хүн тусгаарлалтад орчихлоо” гэж мэдэгдсэн юм. Мөн тухайн иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдаж байгаа аж. Тус аймаг нь өчигдөр “эрүүл бүс” болсноо зарлаж иргэдийг асуумж бөглөн бусад аймаг, хотууд руу чөлөөтэй нэвтрүүлэхээр болоод байсан юм.