СУРВАЛЖИЛГА: Шөнө Э-ын гэрийн гаднаас цагдаагийн хамгаалалт буугаагүй, үзлэг үргэлжилж байв

СУРВАЛЖИЛГА: Шөнө Э-ын гэрийн гаднаас цагдаагийн хамгаалалт буугаагүй, үзлэг үргэлжилж байв

Өчигдөр /2021.02.08/ 13:32 цагийн орчимд 1987 онд төрсөн 34 настай эрэгтэй Э нь Сүхбаатарын талбайд өөрийгөө шатааж, амиа алдсан хэрэг гарсан. 

-Э ХЭН ГЭЖ БАЙВ-

Тэрээр 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, өдгөө аав Э болон дүү Э –ийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд амьдардаг байжээ. Харин тэрээр тус дүүргийн 16 дугаар хороонд оршин суух бүртгэлтэй ч, тус газраа амьдардаггүй байсан байгаа юм. Мөн тэрээр эхнэр хүүхдээсээ 7 жилийн өмнө салсан, 2004 онд Эрүүгийн хуулийн 145.1 –д зааснаар торгуулийн ялаар шийтгэгдэж байсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал, ЭХТА-ийн 145.1 –д “Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заажээ.

-Э НЬ ТУС ХЭРГИЙГ ХЭН НЭГНИЙ ЗАХИАЛГААР ҮЙЛДСЭН ЮМ БИШ БИЗ-

Талийгаач Э-ын ойр дотнын хүмүүс “Түүнийг тухайн өдөр /2021.02.08/-ийн 11:00 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Гэрээсээ гарах үед нь уулзаж амжаагүй, энэ талаар өөр тодорхой мэдээлэл алга. Хувиараа бизнес эрхэлдэг байсан” гэсэн байр суурийг илэрхийлж буй юм. Мөн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ ... эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа CD, үнэртүүлэгч зарж борлуулдаг байсан юм байна” гэх мэдээллийг өгч байгаа юм. Тэгвэл түүнийг “хэн нэгний захиалгаар тус хэргийг үйлдсэн байж болзошгүй” зэргээр олон талын таамаглалыг дэвшүүлж, хуулийн байгууллагууд нарийвчлан шалгаж байж болзошгүй байна. 

Учир нь тэрээр 5 литр шатахууныг хаанаас авсан. Ямар тээврийн хэрэгслээр зорчиж төв талбайд ирсэн, энэ үеэр төрийн одон медаль авсан иргэдэд баяр хүргэх гэсэн хүмүүсийн бөөгнөрөл үүссэн гэдгийг мэдэж байсан  уу зэрэг олон асуулт гарч байгаа юм. 

Мөн тэрээр өчигдөр 12 цаг өнгөрч байхад найз руугаа залгаж, "Таксины жолоочийн утсаар ярьж байна. Талбай орж, зулын гол болно" гэж хэлжээ. Иймд найз нь "Тоглохоо боль, хаана байгаа юм бэ" гэхэд утсаа тасалсан гэх мэдээлэл байгаа юм. Ямартай ч энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа ажээ. 

-Э-ЫН ГЭРИЙН ОРЧИМД ЦАГДААГИЙН ЭРГҮҮЛ, ГАДУУР ХАМГААЛАЛТ БУУГААГҮЙ БАЙВ-

Ингээд манай сурвалжлах баг өчигдөр /2021.02.08/ орой 20:00-21:00 цагийн орчимд Э –ын амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах гэрт нь сурвалжилга бэлтгэхээр очсон юм. Харин энэ үеэр түүний хашааны гадна цагдаагийн алба хаагчид бололтой хүмүүс автомашинд байсан бөгөөд мөн тусгай гэрэл, дуут дохиотой цагдаагийн автомашин ч ойролцоох гудамжинд эргүүл хийж байгаа харагдаж байв. Харин хашаанд байх жижиг хэмжээтэй, улаан тоосгон байшингаас цагдаагийн дүрэмт хувцастай хүн цагаан хавтастай зүйлсийг барьсаар гарч, автомашинд суугаад тус зүйлсээ баримтжуулж байгаа бололтой байв. 

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг

Учир нь, хэрэг гарсан даруйд цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид “Талийгаач Э-ын гэрт нь очиж, нэгжлэг хийж, ар гэрийнхнээс нь түүнийг юунаас болж амиа егүүтгэсэн, өглөө гэрээсээ гарахдаа юу гэж ярьсан болохыг тодруулж, гэрчийн мэдүүлэг авч эхэлсэн” гэх мэдээлэл байсан юм. 

Энэ бүхнээс үзвэл хууль, хүчний байгууллагууд хамтарч Э –ын амиа алдсан хэргийг нарийвчлан шалгаж байгаа ажээ. Бид сурвалжилга, ярилцлага авах зорилгоор тус айлын хашааны үүдийг тогшсон ч, эзэнгүй бололтой монгол гэр, мөн хөшигний цаанаас гэрэл сүүмэлзэх жижиг байшингаас хэн ч гарч ирээгүй юм. Харин энэ үеэр хашааны гадна байх цагдаагийн алба хаагчид биднийг ажиглаж байв. Иймд бид хуулийн байгууллагын шалгалтад саад учруулж болзошгүй хэмээгээд тус газраас холдсон юм.