Сүхбаатарын талбайд нэг иргэн өөрийгөө шатааж, нас барсан хэрэг гарсантай холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "13.32 минутын орчимд энэ харамсалтай үйл явдал болжээ. Яг одоо Сүхбаатар дүүргийн цагдаа, Эрүүгийн мөрдөн байцаах алба холбогдох шалгалтын ажлыг хийж байна. Камерын бичлэгийг нотлох баримтаар бэхжүүлж, ойр орчимд байсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч байгаа. Амь хохирогч Шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд хүргэгдсэн бөгөөд биеэс нь 1987 онд төрсөн Э гэх хүний бичиг баримт гарч ирсэн. Гэхдээ энэ нь тухайн иргэний бичиг баримт мөн эсэхийг нарийн тодруулж шалгана. Яг үйл явдал болоход Сүхбаатарын талбай дээр ажиллаж байсан цагдаагийн албан хаагч түргэн шуурхай очсон ч харамсалтай нь гал бага хугацаанд авалзаж тус албан хаагч мөн хөнгөн түлэгдсэн. Цагдаагийн байгууллага бүхий л учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Тухайн иргэн ямар учир шалтгаанаар ийм үйлдэл хийх болсон нь мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад тодорхой болно" гэв.