“Намайг харж байгаарай” гээд өөрийгөө шатаасан эрэгтэй хэн байв

2021-02-08 15:30

ЦЕГ: Хэргийн газраас 1987 онд төрсөн Э гэх хүний бичиг баримт олдсон

Сүхбаатарын талбайд нэг иргэн өөрийгөө шатааж, нас барсан хэрэг гарсантай холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Баатархүү мэдээлэл өглөө. 

Тэрбээр "13.32 минутын орчимд энэ харамсалтай үйл явдал болжээ. Яг одоо Сүхбаатар дүүргийн цагдаа, Эрүүгийн мөрдөн байцаах алба холбогдох шалгалтын ажлыг хийж байна. Камерын бичлэгийг нотлох баримтаар бэхжүүлж, ойр орчимд байсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч байгаа.  Амь хохирогч Шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд хүргэгдсэн бөгөөд биеэс нь 1987 онд төрсөн Э гэх хүний бичиг баримт гарч ирсэн. Гэхдээ энэ нь тухайн иргэний бичиг баримт мөн эсэхийг нарийн тодруулж шалгана. Яг үйл явдал болоход Сүхбаатарын талбай дээр ажиллаж байсан цагдаагийн албан хаагч түргэн шуурхай очсон ч харамсалтай нь гал бага хугацаанд авалзаж тус албан хаагч мөн хөнгөн түлэгдсэн. Цагдаагийн байгууллага бүхий л учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Тухайн иргэн ямар учир шалтгаанаар ийм үйлдэл хийх болсон нь мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад тодорхой болно" гэв. 

2021-02-08 15:11

Ерөнхийлөгч төв талбайд иргэн Э амь насаа алдсан хэргийг яаралтай шалгаж, тогтоохыг даалгалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.08/ Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Дотоодын цэргийн командлагч бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нартай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэн Э харамсалтайгаар амь насаа алдсан явдлыг яаралтай шалгаж, учир шалтгааныг нэн даруй олж тогтоохыг даалгалаа.

2021-02-08 14:48

Цалингаа авч чадаагүй Э гэх залуу өөрийгөө шатааж, амиа алдсан уу

Өнөөдөр Сүхбаатарын талбайд урьдчилсан 1987 онд төрсөн, 34 настай эрэгтэй хүн өөр дээрээ бензин асган шатаж, амиа алдсан хэрэг гарлаа. 

Тус иргэн нь хэн байсныг тогтоохоор хуулийн байгууллага шалгаж байна. 

Зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “тухай иргэн 34 настай Э хэмээх залуу байсан. Тэрээр Өмнөговь аймагт баригдаж байгаа бүтээн байгуулалтад ажиллаж байсан. Улмаар олон сарын турш цалингаа авч чадаагүй. Иймд тойргийн УИХ-ын гишүүд рүүгээ хандаж “цалинг минь аваад өгөөч” гэж холбогдож байсан” байж болзошгүй гэх мэдээлэл байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тус бүтээн байгуулалтад оролцож байгаа зарим иргэд өнгөрсөн оны есдүгээр сараас хойш цалин аваагүй байх магадлалтай гэх мэдээлэл ч байна. 

2021-02-08 14:31

“Намайг харж байгаарай” гээд өөрийгөө шатаасан эрэгтэй хэн байв

Сүхбаатарын талбайн баруун хойд хэсэгт өнөөдөр /2021.02.08/ 13:00 цаг өнгөрч байхад үл таних иргэн өөрийгөө шатаасан хэрэг гараад байна. 

Тус иргэнийг хэн болох, яагаад ийм үйлдэл гаргасан болохыг тогтоохоор хуулийн байгууллага яг одоо ажиллаж байна.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар "тухайн иргэн нь урьдчилсан байдлаар эрэгтэй 34 настай хүн байсан. Хэн байв, яагаад ийм үйлдэл хийв гэдгийг тогтоохоор шалгаж байна" гэлээ. Харин тус газар явсан иргэд “Намайг харж байгаарай” гэж хэлээд өөр дээрээ бензин асгаж шатаасан. Ингээд хүмүүс түүнийг зогсоох гэсэн боловч, хоцорсон байсан гэх мэдээллийг өгч байна.  

2021-02-08 13:52

Сүхбаатарын талбайд иргэн өөрийгөө шатааж, амиа алдав

Ерөнхийлөгч Х.Баттулга ажил хөдөлмөрөөрөө манлайлсан салбар салбарын төлөөллийг төрийн одон, медалиар шагнаж байгаа билээ.

Ингээд төрийн шагнал авсан хүмүүст баяр хүргэхээр олон тооны иргэн Сүхбаатарын талбайд цугласан байсан юм. Гэтэл энэ үеэр үл таних нэг иргэн өөрийгөө шатааж нас барсан хэрэг гарлаа. Одоогоор цагдаагийн алба хаагчид нар нас барсан иргэний орчимд хамгаалалт тогтоож, хэргийн газарт үзлэг, шалгаж байна. Харин тухайн нас барсан иргэний цогцосыг ШШҮХ-ийн алба хаагчид тээвэрлэн авч явлаа. Мөн Сүхбаатарын талбайд эмнэлгийн түргэн тусламж ч иржээ.

Хэргийн газарт байсан эх сурвалжийн мэдээлж буйгаар "Нэг иргэн өөр дээрээ шатахуун асгаж шатаасан. Гэнэт л гал авалзаад явчихсан. Өөр зүйл харж амжсангүй. Эмнэлгийн тусламж үзүүлэхээр ирэхэд тухайн иргэн аль хэдийн нас барсан байсан" гэлээ.