Энэ сарын 6-ны шөнө “Этүгэн Ирвэсүүд” багийн довтлогч Т.Их-Уул, “ОТИС Шилүүснүүд” багийн холбон тоглогч Х.Цогтсайхан нарын сагсчид амиа алдсан талаарх мэдээлэл цахим орчинд тархаж эхэлсэн. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр талийгаачид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан нэгнийхээ аминд хүрчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах нэгэн олны танил эмэгтэй У-ийн гэрт архидан согтуурч байх үедээ маргалдаж иргэн Т.Их-Уул иргэн Х.Цогтсайханыг хутгалж хөнөөгөөд, өөрөө өндрөөс үсэрч амиа алдсан талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна.
Хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Ц.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр “Өнгөрсөн амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 7-ны шөнийн 03:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт хоёр хүн амиа алдсан байдалтай байгаа талаарх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа. Амиа алдсан сагсчидтай хамт байсан хүмүүсийг шалгаж эхэлсэн. Цахим орчинд хэргийн талаар худлаа мэдээлэл их явж байна.
Тиймээс хэрэг шалгагдаж дуустал янз бүрийн мэдээлэл тавихгүй байхыг хүсье. Мөрдөн байцаах ажиллагааны талаар мэдээлэл өгөх боломжгүй, хуулиараа хориотой. Энэ хэрэг нь архидан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болсон. Тиймээс иргэд ч мөн хөл хорионы өдрүүдэд гэрийн орчинд архидан согтуурахгүй байхыг хүсье” хэмээн мэдээллээ.