Багш нарын холбогдсон хүчингийн хэргийг БШУЯ тодруулахад “хавтаст хэрэг нээгдээгүй” байсан уу

Багш нарын холбогдсон хүчингийн хэргийг БШУЯ тодруулахад “хавтаст хэрэг нээгдээгүй” байсан уу

Нэгдүгээр сарын 25 /2021.01.25/-ны шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС-ийн гурван багш нийлж, хоёр сурагч охиныг Зүүнхараад байрлах “Нарны өртөө” зочид буудалд хүчиндсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж буй мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн. 

- БАГШ НАРЫН ҮЙЛДЭЛ ДАВТАН БАЙСАН УУ-

Тодруулбал, Мандал сумын “Ерөнхий боловсролын II сургууль”-ийн англи хэл, биеийн тамир, газар зүйн багш нар уг хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Энэхүү хэрэг энэ долоо хоногт иргэдийг цочирдуулж, олон нийтийн зүгээс хүүхдийн эрхийн ноцтой зөрчсөн этгээдийг хуулийн байгууллага нэн яаралтай илрүүлэх, дахин ийм хэрэг гаргахгүй байх тал дээр холбогдох төрийн байгууллагуудыг арга хэмжээ авч ажиллахыг шаардсан өдрүүд болж өндөрлөж байна. 

Иймд бид иргэдийн сэтгэлийг эмзэглүүлсэн дээрх хэргийн талаар олон талын эх сурвалжаас мэдээллийг цуглуулж, доорх мэдээллийг бэлтгэлээ.  Эх сурвалжуудын өгч буй мэдээллээр уг хэрэгт нэр холбогдсон багш, сурагч нар өмнө нь сургуулиас гадуурх харилцаатай байсан байх магадлалтай байна. Тэдний харилцаа удаан хугацаанд үргэлжилж, давтан үйлдэгдсэн байж ч болзошгүй байгаа аж. Гэхдээ сурагч охидыг сэтгэл зүй бол бусад зүйлсээр нь дарамталж удаа дараа харилцаанд орсон уу эсвэл хууран мэхлэх арга хэрэглэсэн үү гэдэг нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдоно.

Мөн энэхүү хэрэгтэй холбоотой дээрхээс ноцтой мэдээлэл олдсоныг бид энэ удаа дурдалгүй өнгөрөөе. Ерөнхийдөө тус хэрэг хуулийн байгууллагад бүртгэгддэг өдөр “хэрэгт холбогдоод буй багш, сурагч нарын дунд хэрүүл, маргаан болж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” байж болзошгүй байгаа юм.

Ингээд дуудлага, мэдээлэл ирсэн даруйд нь гурван багшийг цагдан хорьж шалгаж эхэлсэн байгаа юм. Энэ хэрэг нь Эрүүгийн хуулиар шалгагдаж, шийдэгдэнэ. Хэрэг явдал гарсан өдрөөс хойш найман хоногийн дараа буюу энэ сарын 02-ны өдөр уг хэрэг олон нийтэд мэдээлэгдэж, БШУЯ, болон холбогдох бусад байгууллагууд  хэргийг шалгаж буй цагдаагийн байгууллагатай холбогдож, хэрэг явдлын талаар мэдээлэл авахад “тус асуудал дээр хараахан хавтаст хэрэг нээгдээгүй” байсан байж болзошгүй байгаа юм. 

-БШУЯ-НААС МАНДАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН ҮҮ-

Тус хэрэгт боловсролын салбарын ажилчид нэр холбогдсон учир БШУЯ-наас ихээхэн анхаарч ажиллаж байгаа нь мэдээж. Бид энэ талаар хүний эрхийн чиглэлийн зарим эх сурвалжаас тодруулахад, “БШУЯ-наас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Ш.Оргилд шаардлага хүргүүлж, тус асуудалд хүч хаяж ажиллаж байгаа юм байна. Тус яамнаас Мандал сумын засаг даргад хүргүүлсэн шаардлагад, “Уг хэрэг хараахан хуулийн байгууллагаар шалгагдаж дуусаагүй байна. Гэхдээ ийм хэрэгт багш нэр холбогдоно гэдэг нь ёс зүйн маш том асуудал. Дахин ийм зөрчил гаргахгүйн тулд анхаарч ажиллах ёстой. Сургуулийнхаа багш нарыг ёс зүйн сургалтад хамруул.

Хөл хорио суларсан даруйд яамнаас ажлын хэсэг очиж, Мандал сумын ЕБС дээр ажиллана” гэсэн агуулгатай байж.

Мөн дээрх хэрэгт холбогдоод байгаа багш нарыг ямар шалгуураар ажилд авсныг тогтоох, Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын үнэлгээг бууруулах, зохих албан тушаалтанд хариуцлага тооцох зэрэг асуудлыг БШУЯ-наас судалж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Улмаар хуулийн байгууллага тус хэргийг шалгаж гэм буруутай этгээдийг тогтоосны дараа тухайн иргэний багшлах эрхийг нь бүх насаар хасах зэрэг арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж. Учир нь Эрүүгийн гэмт хэрэгт нэр холбогдсон учир багш нарыг дахин боловсролын салбарт ажиллах эрхийг насаар нь хасах нь тодорхой юм байна. Харин эдгээр иргэд ял авах эсэх нь Эрүүгийн хуулиар шийдэгдэх юм.