Архидан согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийн хувцасыг урж, танхайрчээ

Архидан согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийн хувцасыг урж, танхайрчээ

Он гарсаар иргэдийн дунд шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчдад гар хүрч, танхайрсан гэмт хэрэг хэд хэдэн удаа бүртгэгдээд байна. Тэгвэл үүнтэй адил дахин нэг хэрэг Ховд аймгийн “Буянт суманд гарч, цагдаагийн албаны дүрэмт хувцсыг урж танхайрсан  хэрэг бүртгэгджээ.

Сар бүрийн нэгний өдөр улс даяар архи, согтууруулах ундаа хэрэглэх, худалдан борлуулахыг хориглодог. Гэтэл хоёрдугаар сарын 1-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн иргэн тус сумын хэсгийн цагдаа болох 32 настай, эрэгтэй Э болон хэсгийн цагдаа,27 настай, эрэгтэй Б нарын албаны ноосон хар өнгийн цамцыг урж, танхайрчээ. Алба хаагчид согтуу хүн орилж, хашгираад амгалан тайван байдал алдагдуулаад байна гэх дуудлага мэдээллээр очиж ажиллах үеэр дээрх хэрэг гарсан байна.

Согтуурсан үедээ агсам тавьж бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, дуудлагаар ажиллахаар очсон алба хаагчдийг хэл амаар доромжлон албаны хувцасыг нь урсан хэрэг үйлдсэн эрэгтэй, 32 настай иргэн Ү-г Ховд аймгийн цагдаагийн хэлтэст Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.