Хонь хариулж яваад алга болсон А.Алтаншагай хүүгийн “Сураггүй алга болсон” гэх зарыг нийтэлжээ

Хонь хариулж яваад алга болсон А.Алтаншагай хүүгийн “Сураггүй алга болсон” гэх зарыг нийтэлжээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баяны-Энгэр хавчуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/-т 16 настай А.Алтаншагай хүү өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагийн орчим явганаар хонинд яваад сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Харин ОБЕГ-аас энэ сарын 2 ны өдөр “Эрэн хайх явцад иргэн А 2020.01.30-ны өдрийн 20:13 цагт үүрэн холбооны Скайтел ХХК-ийн гар утсаар Улаанбаатар хотод яриа хийсэн нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг зогсоож. Цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн” гэж мэдээлсэн. 

Иймд Цагдаагийн байгууллагаас “А.Алтаншагай хүүгийн талаар өгөх мэдээлэл байгаа бол доор байрлах мэдээлэл өгөх утсанд холбогдож цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг хүсье” гэсэн “сураггүй алга болсон” гэх зар мэдээллийг олон нийтэд хандаж гаргажээ. 

Мөн  А.Алтаншагай хүүгийн ээж Б.Батцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эмээгийнх нь уул хад ихтэй газар байдаг учир үргэлж “явган” явдаг байсан. Хүүг минь алга болоод эхний хоёр хоногт ОБГ, цагдаагаас 80-100 хүн гарч маш сайн хайлт хийсэн. Гэтэл гурав дахь хоног дээрээс нь танай хүүхдийн барьдаг дугаар хотод байгаа дохиолол ирсэн. Скайтелийн барьдаг дугаараас нь анхны мэдээллээр байршил нь УБ хотын 1-р хороололд тогтоогдсон гэсэн утгатай зүйл ярьсан. Миний хүүгийн утас тэр өдөр 20 цаг 30 минутад дуудаж байгаад, холбогдохоо больсон” гэж өгүүлжээ.