н.Одгэрэл: Бие нь муудаж Монголдоо ирэх гэсэн ч, “хилээр орох хүн цөөн байна” авах боломжгүй гэсэн

2021-02-04 16:36

ТОДРУУЛГА: н.Жаргалсайханг тээвэрлэсэн түргэний автомашин Дархан-Уул аймгийг өнгөрөөд явж байна

ОХУ-ын Улаан-Үдэд байсан манай улсын иргэн н.Жаргалсайханы бие энэ сарын эхээр гэнэт муудаж, эх орондоо ирэх хүсэлт гаргасан ч, УОК-ын зүгээс “хилээр орж ирэх иргэдийн тоо цөөхөн байгаа тул авах боломжгүй” гэж мэдэгдсэн байгаа юм. 

Улмаар тэрээр Улаан-Үдийн эмнэлэгт хэвтсэн ч, биеийн байдал нь улам муудсан тул, тус эмнэлгээс “Монгол улсынхаа ХСҮТ-д хэвтэн эмчлүүлэх шаардлагатай” гэж мэдэгдсэний дагуу Сэлэнгэ аймгийн Алтан булан хилийн боомтоор өчигдөр нэвтэрсэн байгаа юм.

Гэтэл түүнийг Улаанбаатар хот руу тээвэрлэхийг зөвшөөрсөн УОК-ийн шийдвэр гараагүй тул тэрээр өнгөрөгч шөнө биеийн байдал нь хүнд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хоножээ.

Иймд н.Жаргалсайханд тохиолдоод буй асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлснээр, түүнийг Улаанбаатар хотод авч ирэх УОК-ийн зөвшөөрөл гарсан бололтой. Учир нь бид зарим эх сурвалжаас энэ талаар тодруулахад, “УОК-ын зөвшөөрөл гарсан. Одоо н.Жаргалсайханыг тээвэрлэсэн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн автомашин Дархан-Уул аймгийг өнгөрөөд явж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олонд баярлалаа” гэсэн юм. 

2021-02-04 11:08

н.Одгэрэл: Бие нь муудаж Монголдоо ирэх гэсэн ч, “хилээр орох хүн цөөн байна” авах боломжгүй гэсэн

Манай улс коронавирусийн халдвараас сэргийлж, онц дэглэм тогтоосноос хойш олон монголчууд харийн оронд амиа алдаж,  хөдөө, орон нутгаас эмнэлгийн тусламж авахаар ирсэн иргэд ч Улаанбаатар хот руу  орж чадалгүй 22-ын товчоон дээр амиа алдсан харамсалтай явдал энэ өдрүүдэд их гарч байна.

СОНСОХ:

Тэгвэл УОК-ын Шуурхай штабын хариуцлагагүй, хэнэггүй байдал, эмч мэргэжилтнүүдийн удаасан шийдвэрээс болж Сэлэнгэ аймагт дахин нэг иргэний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.

Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр ОХУ-ын Улаан-Үдэд гацаад байсан иргэн н.Жаргалсайхан ходоодны хорт хавдар гэсэн өвчнөөр оношлогдож, яаралтай эмчлүүлэх шаардлагатайгаар Алтанбулагийн боомтоор орж иржээ.

Учир нь тэрээр шинэ жилийн дараанаас бие нь огцом муудаж, яаралтай эх орондоо очих хэрэгтэй болсон ч УОК-ын зүгээс “хилээр орж ирэх иргэдийн тоо цөөхөн байгаа тул авах боломжгүй” гэсэн хариуг сонссож, энэ хугацаанд өвчин нь даамжирч Улаан-Үдийн эмнэлэгт хэвтсэн байна. Улаан-Үдийн эмнэлэгт хэвтсэнээс хойш 10 хоногийн дотор түүний бие илт муудаж, их хэмжээний жин хаясан /зураг харуулав/ тул яаралтай нутаг буцаж Халдвар судлалын үндэсний төв /ХСҮТ/-д очиж эмчлүүлэх хэрэгтэй болжээ. 

н.Жаргалсайханы бие огцом мууджээ

Ингээд ОХУ-ын Улаан-Үдийн эмнэлгээс ч түүний биеийн байдлыг харгалзан үзэж “хүнд өвчтэй хүн тул цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатай. Тус иргэнийг яаралтай хилээр оруулж, тусгаарлаж цаг алдалгүйгээр шууд Монгол улсынх нь ХСҮТ-д хүргэх хэрэгтэй” гэсэн бичиг бичиж өгсөн байна. Харин манай улс энэхүү иргэний биеийг ийм муу байдалд орсных нь дараа хилээрээ оруулж ирсэн ч яаралтай хот руу авчралгүй яг одоо Сэлэнгийн эмнэлэгт гацааж орхижээ. Бид өвчтөн н.Жаргалсайханы эгч н.Одгэрэлтэй холбогдож дараах зүйлсийг тодрууллаа.

-Ах тань хэзээнээс Алтанбулагийн боомтоор эх орондоо орох хүсэлтээ өгсөн бэ?

-Шинэ оны дараахан бие нь огцом муудаж эхэлсэн тул яаралтай буцах хүсэлтээ өгсөн. Гэвч цөөхөн хүн гээд огт оруулахгүй байсан ч ашгүй яаралтай буцах хүсэлтэй дөрвөн хүний нэг болж эх орондоо орж ирсэн. Уг нь бол их байсан ч, бага байсан ч иргэдээ хилээр оруулах л ёстой шүү дээ.

-Та бүхэн ахыгаа яаралтай хот руу  аваачихын тулд эртнээс өргөдлөө өгч байсан байх. Харин өчигдөр /2021.02.03/ УОК-ийн Шуурхай штабын дарга Г.Ууганбаяр тийм өргөдөл хүлээж аваагүй гэж мэдэгдэж байсан?

-Тиймээ, бид ийм асуудал гарч, удаж магадгүй гэж тооцоолоод нэгдүгээр сарын 22-ны өдөр УОК-ийн шуурхай штаб дээр миний бие өөрийн биеэр очиж өргөдлөө өгсөн. Гэтэл толгойг нь буруу гаргасан байна, хүлээж авахгүй гэж жижүүр нь хэлсэн. Тэгэхээр нь би “өө ахиад бичээд өгье, эгчдээ нэг цаас өгөөч” гэж хэлэхэд цаас байхгүй гэсэн. Үнэхээр сэтгэлгүй. Бүхэл бүтэн шуурхай штабын газар байж иргэндээ ганц бичгийн цаас өгдөггүй гээд би үнэхээр гайхсан. Тэгээд аргаа барахдаа багшийн дээд рүү гүйж очоод бичгийн цаас авч өргөдлөө бичиж өгсөн. Би сүүлдээ аргаа бараад УОК-ын Шуурхай штаб руу хэд хэдэн удаа очиж, даргатай нь уулзах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Гэтэл “уулзуулах боломжгүй, и-мейл бич” гэсэн утгатай зүйл хэлсэн. Огт уулзуулдаггүй юм билээ.

-Өчигдөр “Urug.mn” сайтад хандсаны дараа УОК, эрүүл мэндийн байгууллагаас та бүхэнтэй холбогдов уу, өвчтний биеийн байдал ямар байна?

-Одоо ахын маань бие маш хүнд байна. Амь нас нь цаг минутаар л хэмжигдэж байна. Улаан-Үдийн эмнэлгээс тусгаарлалгүй шууд эмнэлэгт аваач гэж байсан ч ахыг маань буудалд тусгаарлаж байсан. Бид ч тайван сууж чадахгүй үнэхээр хэцүү байдалтай байсан тул аргагүйн эрхэнд хэвлэлд хандсан. Хандсаны дараа Сэлэнгийн нэгдсэн эмнэлэгт авчирч өнгөрсөн шөнө ахад маань цус сэлбэлт хийсэн байсан. Бас н.Долгор гээд мэргэжилтэн нь ах руу маань яриад охиных нь дугаарыг авсан байсан. Охин нь нялх биетэй, хүнд байхад залгаад “хэзээ өргөдлөө өгсөн юм” гээд асуусан гэсэн. Гэтэл өргөдөл өгсөн хүн нь би гээд байхад огт над руу ярихгүй юм. Үнэхээр гайхаж байна. Сэлэнгийн нэгдсэн эмнэлгээс түрүүн залгаад “одоо өвчтнийг аваад хот руу явахад бэлэн байна. Хотоос л хариу хүлээж байна” гэж хэлсэн. Одоо хотоос ирэх хариуг л хүлээж байна даа.

Ийнхүү өвчтөн н.Жаргалсайханы дүү бидэнд дээрх мэдээллийг өгсөн юм. Монгол улсад коронавирусийн улмаас нас барсан хүний тооноос илүү удирдлагуудын удаан хойрго шийдвэр, эмч мэргэжилтнүүдийн хариуцлагагүй байдлаас болж эрүүл мэнд, амь насаа алдсан хүмүүсийн тоо ихсэх хандлагатай байна. Халдварт өвчний улмаас нөхцөл байдал хүндэрч байгаа хэдий ч УОК-ийн удаасан шийдвэрээс болж дахин нэг иргэн амиа алдах дээрээ тулаад байна.




Өнөөдөр цэлмэг байна

13 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

14 цагийн өмнө