А.Сүхбат аваргын “Land 200” автомашиныг улсын орлого болгох хүсэлт гаргажээ

А.Сүхбат аваргын “Land 200” автомашиныг улсын орлого болгох хүсэлт гаргажээ

УИХ-ын гишүүн асан А.Сүхбат нэгдүгээр сарын 15-нд коронавирусийн халдварын дэглэм зөрчиж Дорнод аймгийн Халхгол сум руу зөвшөөрөгдөөгүй замаар зорчиж яваад цагдаа нарт баригдсан гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Түнийг Халхгол сумын онцгой байдлын комиссоос шалгаж улмаар албадан тусгаарласан.

Зарим эх сурвалжийн мэдээлж байснаар УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хувьд тус сумаас хурдан удмын адуу авахаар явж байгаад ийнхүү саатуулагдсан гэж байсан юм.

Тэгвэл Дорнод аймгийн Онцгой комиссоос “А.Сүхбат аваргын тусгаарлалтын хугацаа дууссан. PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан тул Улаанбаатар руу буцсан. Түүний энэ үйлдэлтэй холбоотойгоор хуулийн дагуу “Land Cruiser-200” автомашиныг улсын орлого болгох талаарх хүсэлтийг аймгийн цагдаагийн газраас тус аймгийн шүүхэд хүргүүлсэн.

Одоо шүүхийн шийдвэрийг хүлээж байна. А.Сүхбатын автомашиныг улсын орлого болох үгүйг шүүх шийднэ” гэсэн мэдээллийг хэвлэлд өгчээ.

Нийслэл хотод голомтлон гараад буй коронавируст халдварыг орон нутаг руу алдахаас сэргийлж орох, гарах хөдөлгөөний хязгаарлаад буй. Харин хүнс, эм, нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашин, мөн эрүүл мэнд, хойшлуулшгүй ажил, эсвэл буяны үйл ажиллагаанд оролцох шаардлагатай иргэд тусгай зөвшөөрлийн дагуу орон нутагт зорчих эрхтэй юм. Хэрвээ энэ журмыг зөрчиж хулгай замаар зорчивол иргэдийн автомашиныг хурааж, улсын орлого болгох эсвэл 7-30 хоног баривчлан саатуулах торгууль ногдуулах шийдвэрийг УОК-оос гаргасан.

Бид тухайн үед Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэтэй холбогдож уг үйл явдлын талаар тодруулахад, Улаанбаатарт PCR шинжилгээ өгөөд хариу гарсны дараа ирсэн байна лээ. Гэхдээ бид дахин шинжилгээ авч тусгаарласан. Тусгаарлалтын хугацаа дууссаны дараа хуулийн байгууллага шалгах байх. Нийт арван хүнтэй ирсэн” гэсэн мэдээллийг өгч байсан юм.