Өргөө амаржих амаржих газарт өчигдөр /2021.01.19/ өглөөний 07 цагт амаржсан эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн тул, өчигдөр орой түүнийг дөнгөж төрсөн нярайн хамт тээвэрлэн ХӨСҮТ-д тусгаарласан байдаг. Тухайн эмэгтэйн нөхөр нь халдвартай хүний хавьтал байсан тул тусгаарлалтад байжээ.
Харин тус эмэгтэйг Өргөө амаржих амаржих газраас ХӨСҮТ рүү авч явахдаа ямар нэгэн хамгаалалтын хувцасгүй, амыг нь “дэр” бололтой зүйлээр даруулж, нимгэн хувцас, гуталгүй, мөн дөнгөж төрсөн нярайг даавуунд ороосон байдалтай түргэний автомашинд суулгасан нь иргэдийн зүгээс шүүмжлэлд өртөж, төрийн алба хаагчдыг “хүнлэг” байхыг шаардаж байгаа юм.
Энэхүү үйл явдалтай холбогдуулж, Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар уучлалт гуйсан. Харин өнгөрөгч шөнө Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж “эмэгтэй зөөвөрлөхөд хариуцлага алдсан Өргөө амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцохыг Нийслэлийн эрүүл мэндийн төв”-д даалгажээ. Учир нь Өргөө амаржих газар нь НЭМТ-д харьяалагддаг байна. Мөн цахим хурлын үеэр “эмэгтэйг зөөвөрлөхөд хариуцлага алдсан” гэдгээ Өргөө амаржих газрын удирдлагууд хүлээн зөвшөөрсөн байна.