Ч.Хүрэлбаатар: Давааням, Дэлгэрсайхан мөнгөө хувийн дансанд оруулсан гэсэн

Ч.Хүрэлбаатар: Давааням, Дэлгэрсайхан мөнгөө хувийн дансанд оруулсан гэсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.01.08/ оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан билээ.

Харин түүний энэхүү шийдвэр олны нийтийн дунд багагүй санал, шүүмж дагуулсаар байна. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудастаа “Оффшороос мөнгө орж ирээгүй ээ гэхэд Даваанямын, Дэлгэрсайханы мөнгө орж ирсэн ш дээ... бла бла ... гээд зарим бот, бот шиг цөөхөн хүн сандарч эхэлжээ. Давааням ч тэр, Дэлгэрсайхан ч тэр мөнгөө хувийн эсвэл компаний дансанд оруулсан гэсэн. Төрийн санд оффшор мөнгө орж ирээгүй ээ” хэмээн мэдэгджээ.

Тодруубал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг 2016 оны наймдугаар сарын 18-нд Швейцарийн Холбооны прокуророос мөнгө угаасан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Холбооны прокурорын газраас 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар Д-ийн /Б.Дэлгэрсайхан/ нэр дээрх дансан дахь 1.85 сая ам.долларыг битүүмжилсэн гэх мэдээлэл гарч байжээ. Мөн Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн Панамын мэдээлэлд Петровис ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Даваанямыг оффшор данстай хэмээн мэдээлж байсан билээ.