Төрсөн дүүгийнхээ амь насыг онц хэрцгий аргаар хөнөөсөн гэх залуу ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ

Төрсөн дүүгийнхээ амь насыг онц хэрцгий аргаар хөнөөсөн гэх залуу ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ

Арван нэгдүгээр сарын 3-нд хичээлдээ яваад ор сураггүй алга болсон 16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь мөчилж, шуудайд хийн гудамжинд хаясан аймшигт хэрэг гарсан. Энэхүү хэрэгт түүний төрсөн бага ах 18 настай Г-г сэжиглэн шалгаж байгаа билээ. 

Тэгвэл сэжигтэн  анхны мэдүүлгээр хэргээ хүлээсэн гэж эх сурвалж мэдээллээ. Түүнийг одоо Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа аж. Сэжигтэн мэдүүлгийг ээжтэйгээ өгч буй бөгөөд дүүгээ хэрхэн хөнөөсөн талаараа маш тодорхой ярьжээ.

Тодруулбал, тэрээр Нарантуул захаас шуудай авч цогцсыг хийсэн гэх мэтээр ярьсан (бид энэ үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээллэхээс татгалзаж байгаа болно) байна. Одоо тус хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хамтран шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй ажээ. Шалгалтын ажиллагаа хараахан дуусаагүй байна. 

ВИДЕО:  ЦЕГ-ын мэдэгдэл 

-АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН 03-НД ГЭРЭЭСЭЭ ГАРСАН ОХИНЫ
ЦОГЦОС 20 ХОНОГИЙН ДАРАА ОЛДСОН-

Хэргийг тодруулбал, 16 настай талийгаач айлын ганц охин байсан бөгөөд бага ах Г-г болон ээжийнхээ хамт Чингэлтэй дүүрэгт нийтийн байранд амьдардаг байж. Харин тэдний том ах нар нь тэднээс тусдаа амьдардаг байж. Ингээд охин хамгийн сүүлд гэрийнхэн рүүгээ “Гандангийн ойролцоогоос III, IV хороолол руу явах гэж байна. Удахгүй очно” гэж утсаар яриад дахиж холбоо бариагүй байна. Иймд ээж нь бага ах Г-н хамтаар түүнийг Хороолол, Гандан газраар нь хайж, эцэст нь цагдаагийн байгууллагад арваннэгдүгээр сарын 7-нд өргөдөл гаргажээ. 

Харин арваннэгдүгээр сарын 23-ны 21:45 цагийн үед цагдаагийн байгууллагад “Сүхбаатар дүүргийн XVIII хорооны нутагт хүний цогцос байна” гэсэн дуудлага иргэнээс иржээ. Ингээд цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж үзлэг хийсэн байна. Ингээд тухайн өдрийнхөө 23:00 цагийн үед талийгаачийн ээжийг Сүхбаатар дүүргийн II хэлтэст яаралтай ирэхийг мэдэгджээ. Тэрээр гурван хүүгийнхээ хамт очиход, түүнд "охины амиа алдсан гэх гэрэл зургийг үзүүлж, дараа нь гурван хүүгээс байцаалт авч, үүний дараа бага хүү Г-г саатуулсан байгаа юм.