Б.Баатархүү: Цагдаа биш сонсогчийн гар хайрагдаж эмнэлгийн тусламж авсан

Б.Баатархүү: Цагдаа биш сонсогчийн гар хайрагдаж эмнэлгийн тусламж авсан

Коронавирусийн цар тахал тархсантай холбоотойгоор манай улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоон ажиллаж байна. 

Үүнтэй холбоотойгоор цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид бүх нийтийн аюулгүй байдлыг хангах, хууль журмын хэрэгжилтэд хяналт тавихаар гудамж талбайд ажиллаж буй. Тэгвэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сүүлийн өдрүүдэд үүрэг гүйцэтгэж буй цагдаа нарын чих, гар хайрагдаж маш олноор Гэмтэл, согог судлалын үндэсний төвд очин эмчилгээ үйлчилгээ авч байна гэх мэдээлэл гарсан. 

Иймд тус мэдээлэл нь худал гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдэгдсэн байна. 

Тэрбээр "Гэмтэл, согог судлалын үндэсний төвтэй холбогдож энэ талаар тодрууллаа. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид болон ДХИС-ийн сонсогчид хорио, цээрийн дэглэм сахиулах, нийслэлээс гарах, орох хяналтын цэгүүдэд 4000 орчим алба хаагчид машинт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа гар, хөл нь хайрагдаж , хөлдсөн гэх мэдээлэл ирээгүй байна. Харин энэ сарын 03-ны  өдөр нэг сонсогчийн гар нь хайрагдаж ГССҮТ-өөс эмнэлгийн үйлчилгээ авсан. Ес эхэлж хүйтний эрч нэмэгдэж байгаа ч эх орныхоо төлөө өргөсөн тангараг, өөрсдийн сонгосон мэргэжилдээ үнэнч байж хүн хүч  дутуу  энэ хүнд хэцүү цаг үед бидний ажилд тус  нэмэр болж байгаа сонсогчдодоо талархаж байна" гэжээ.