БАРИМТ: Эрдэнэт үйлдвэрээс бенц автомашины 512 сая төгрөгийг шилжүүлж, гүйлгээг шилэн данснаас УСТГАЖЭЭ

БАРИМТ: Эрдэнэт үйлдвэрээс бенц автомашины 512 сая төгрөгийг шилжүүлж, гүйлгээг шилэн данснаас УСТГАЖЭЭ

Эрдэнэт үйлдвэрийн ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн автомашинаа солихоор 512 сая төгрөгийн өртөг бүхий тансаг зэрэглэлийн гэгдэх  “Мерседес-Бенз G-class” загварын автомашиныг тус үйлдвэрийн санхүүжилтээр авахаар тендер зарласан гэх мэдээллийг анх зарим иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд мэдээлсэн.

-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ-ААС “МЕРСЕДЕС БЕНЦ” ЗАГВАРЫН АВТОМАШИНЫ ТЕНДЕР ЗАРЛАЖ, МСМ ГРУПП ХХК ШАЛГАРАВ-

Тодруулбал, тус "Мерседес бенц" загварын автомашины тендерийг Эрдэнэт үйлдвэрээс 2020 оны есдүгээр сарын 17-ны өдөр зарлаж, тухайн оныхоо аравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл тендерийн материалыг хүлээж авсан байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тус тендерт MCM групп ХХК шалгарав

Ингээд тус тендерт МСМ групп ХХК 512 сая төгрөгийн үнийн санал өгч шалгарчээ. МСМ групп нь дэлхийд нэр хүнд бүхий Mercedes-Benz, Chrysler, Jeep, Dodge, RAM брэндүүдийн автомашиныг албан ёсны эрхтэйгээр Монгол улсад борлуулдаг. 

-512 САЯ ТӨГРӨГИЙГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС МСМ ГРУПП ХХК РУУ 10 ДУГААР САРД ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Харин Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монгол HD телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “захисан машинаасаа татгалзсан” гэж мэдэгдсэн.  Гэтэл тус автомашины төлбөр болох 512 сая төгрөгийг MCM групп ХХК руу “2020/13-20-949 тоот гэрээний төлбөр” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлж, 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр гэж “шилэн данс” анх тусгажээ. 

MCM групп ХХК руу 512 сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс шилжүүлэв. Эх сурвалж: Shilendans.gov.mn

Учир нь Шилэн дансны тухай хуулийн 6.4.4 –д “таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг”-ийг мэдээлэлд оруулна гэж заажээ. Иймд "Мерседес бенц" загварын автомашины төлбөр болох 512 сая төгрөгийг 2020 оны аравдугаар сард MCM групп ХХК руу Эрдэнэт үйлдвэрээс шилжүүлсэн нь тодорхой болж байгаа юм. 

-512 САЯ ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭГ ШИЛЭН ДАНСНААС УТГАЖЭЭ-

Харин "Мерседес бенц" загварын автомашины төлбөр болох “512 сая төгрөгийг МСМ групп ХХК руу шилжүүлсэн” гэж албаны эх сурвалжууд өнөөдрийг хүртэл ямар ч байр суурийг илэрхийлээгүй байгаа юм. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны аравдугаар сарын “шилэн данс”-нд тусгагдаад байсан 512 сая төгрөгийн тус гүйлгээний бичилт өнөөдөр тус газрын шилэн дансанд байхгүй, устсан байгаа юм. 

512 сая төгрөгийг гүйлгээний бичилт Эрдэнэт үйлдвэрийн "шилэн данс"-наас устжээ

Тодруулбал, MCM групп ХХК руу шилжүүлсэн 512 сая төгрөгийн гүйлгээ Эрдэнэт үйлдвэрийн шилэн дансны 28/10/2020 өдрийн “бүртгэлийн дугаараар 6,435,000 төгрөгийн батлагдсан төсвийн дагуу” гэсэн гүйлгээний дээд байрлалд анх бичигдсэн байсан бол, одоогоор тус гүйлгээний бичилт 2020 оны аравдугаар сарын шилэн данснаас байхгүй болсон байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ТЕНДЕР НЬ ЗАРЛАГДАЖ, ТӨЛБӨР НЬ ТӨЛӨГДСӨН ТУС АВТОМАШИН ОДОО ХААНА БАЙГАА ВЭ-

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тус автомашины талаар байр сууриа илэрхийлэхдээ, “Үйлдвэрийн хувьд 20 онд нээх олон өндөр дээд хэмжээний зочин, менежерүүд, гадаадын том компанийн удирдлага ирэхгүй нь. Тийм учраас, амаргүй нөхцөл байдалд байна шүү дээ, эдийн засгийн хувьд, тэр утгаар нь бол нөгөө захисан машинаасаа татгалзсан” гэж тайлбарласан байгаа юм. Гэтэл зарим эх сурвалжууд түүнийг тэтгэвэртээ гарахдаа тус автомашиныг өөртөө авах гэж байсан байж болзошгүй гэж хардаж байгаа юм. Учир нь тэрээр 1955 онд төрсөн, өдгөө 65 настай нэгэн юм. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрээс тендер нь зарлагдаж, тус үйлдвэрээс төлбөр нь төлөгдсөн 512 сая төгрөгийн өртөгтэй "Мерседес бенц" загварын автомашин өнөөдөр хаана байгаа бол!!!