Зэвсэгт хүчний 337-р ангийхан ОХУ-аас өгсөн “МиГ29УБ” байлдааны онгоцны төхөөрөмжийг гэмтээжээ

Зэвсэгт хүчний 337-р ангийхан ОХУ-аас өгсөн “МиГ29УБ” байлдааны онгоцны төхөөрөмжийг гэмтээжээ

Монгол Улс, ОХУ хоорондын байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээний хѳтѳлбѳрт тусгагдсанаар 2019 онд ОХУ-аас Монгол Улсад “МиГ29УБ” загварын хоёр сѳнѳѳгч онгоц хүлээлгэн өгсөн байдаг.

Тус сөнөөгч онгоц нь нисэх бүрэлдэхүүний нислэгийн ур чадвар, жолоодлого, байлдааны болон байлдааны- буудлагатай үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ гэж мэдэгдэж байв.

Харин зэвсэгт хүчний 337-р ангийн эзэмшилд хүлээлгэн өгсөн уг хоёр хөлгийг манай нисгэгч нар агаарт нэг ч удаа хөөргөөгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд хадгалж, хааяа гаргаж асааж буй аж.

Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ОХУ-аас манай нисгэгчдийг сургаж, дадлагажуулах мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаа тул тодорхой хугацааны давтамжтайгаар гаргаж асаадаг гэнэ. Гэтэл Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа дээрх ангийн алба хаагчид өнгөрсөн арваннэгдүгээр сард онгоцыг өвөл хөлдөхөөс сэргийлэн асааж байхдаа онгоцны өндөр, хурд, алслалт зэргийг хэмждэг ПВД хэмээх хөлгийн урд хэсэгт байрладаг төхөөрөмжийг нь гэмтээсэн байна.

Тодруулбал, онгоцыг автомашинаар чирч гарган асаадаг бөгөөд чирэх гэж байсан автомашин нь ухарч, уг төхөөрөмжийг нь мөргөж хугалжээ. Агаарын цэргийн командлал болон тус ангийнхан ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрынханд “Ижил төрлийн төхөөрөмж сольж тавьсан, одоо ямар ч асуудалгүй” гэсэн тайлбар хүргүүлжээ.

Гэтэл Монголд өмнө нь “МиГ-29” загварын онгоц байгаагүй бөгөөд ижил төрлийн төхөөрөмж хаанаас олох нь эргэлзээтэй байна.

“МиГ-29УБ” нь газар дээрх бай объектуудад цохилт өгч устгах, хуурай замын цэрэг, агаарын десантыг агаараас халхлах, байлдааны ажиллагааны бүсийг тусгаарлах, агаарын тандалт явуулах зэрэг үүрэгтэй аж. Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн түүхээс цухас дурдвал 1925 онд анхны “Ю-13” маркийн тээврийн 3 нисэх онгоц хүлээн авсан үеэс эхлэн Зөвлөлтийн сургагч нарын удирдлагаар Монгол залуус "Ю-13", "Ил-2", "Р-1", "Р-5", "У-2", "ПО-2", "ЯК-7" загварын онгоцыг жолоодон, эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангаж эхэлсэн байна.