Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх 3 дугаар сар дуустал сунгах санал гаргалаа

Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх 3 дугаар сар дуустал сунгах санал гаргалаа

Улсын онцгой комиссын өнөөдрийн хурал цахим хэлбэрээр боллоо. Хурлаар “Ковид-19”-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хийсэн ажил, аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах зэрэг асуудлыг хэлэлцжээ  Үүнтэй холбогдуулан:

  • Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах,
  • Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох,
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх,
  • ОХУ-ын Хиагт боомтод ирээд байгаа олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 2-4-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын онцгой комиссын саналыг ирэх лхагва гарагт /2020.12.30/ болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. Түүнчлэн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс шинэ он гартал нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэдгийг Улсын онцгой комисс мэдэгдлээ.