Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагдах Естийн халуун рашааны Бага чулуут гэх газарт аялж явсан залуусын тав нь угаартаж амиа алдсан хэрэг энэ сарын 21-ны өдөр гарсан.
Тодруулбал, тэд 10-уулаа гурван автомашинтай хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө тус газрыг зорьсон байгаа юм. Улмаар эдгээр залуус зорьсон газраа ирж хоноглож, автомашиндаа тав, майханд тав нь хоносон байна. Ингээд майханд хоносон таван залуу болох 33 настай эрэгтэй Э, 36 настай эрэгтэй Э, 34 настай эрэгтэй Э, 36 настай эрэгтэй О, 36 настай эрэгтэй Б нар ил харагдах шархгүй нас барсан байжээ.
Учир нь тэд гал түлдэг, жижиг хэмжээтэй аяны зуухтай явсан бөгөөд, амиа алдсан таван залуу майхандаа шахмал түлш түлснээс үүдэн угаартсан байж болзошгүй гэх мэдээлэл байна.
Харин хэрэг гарсан Естийн халуун рашаан нь Төв аймгийн Эрдэнэ сумаас 200 орчим километрийн зайтай, тус сумаас мориноос өөр унаагаар хүрэх боломжгүй газар аж. Иймд эдгээр залуус Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн нутгаар дамжин автомашинаар тус газарт хүрсэн байх магадлалтай байгаа юм. Мөн тус газарт гар утасны сүлжээ барьдаггүй бөгөөд золгүй явдал болсны дараа зарим залуус нь Батсүмбэр сумын нутаг руу ирж, хуулийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн байх талтай байна.
Сонирхуулахад, Естийн халуун рашааны орчимд тогтмол үйл ажиллагаа явуулдаг амралтын бааз байдаггүй бөгөөд нутгийн амрагчдад зориулж модон байшин бариад орхисон газар байдаг байна.
Зураг: Тэдний унаж явсан автомашинууд
ӨМНӨХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСООР УНШИНА УУ!