ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг мөн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж эхэлсэн үү

2020-12-21 11:59

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг мөн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж эхэлсэн үү

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг АТГ-аас шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүнийг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөн шалгаж эхэлсэн байж болзошгүй байна. 

Учир нь эх сурвалжуудын мэдээлж буйгаар коронавирус цар тахалтай тэмцэх ажилд иргэдээс хандивласан хандивын мөнгөний тодорхой хувь юунд зарцуулагдсан нь тодорхойгүй, мөн эмч сувилагч ажилчдын цалингийн урамшуулал болон өөр бусад төлбөр, гүйлгээ, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудтай холбогдуулж” түүнийг шалгаж байж болзошгүй байгаа аж. 

Энэ сарын 09-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг ХӨСҮТ-д дотоод, хяналт шалгалтыг явуулсан гэх мэдээлэл байна. Мөн төсвөөс санхүүждэг байгууллагуудад санхүүгийн шалгалт хийх эрх бүхий төрийн байгууллагын шалгалтаар дээрх зөрчлүүдийг илрүүлж хуулийн хяналтын байгууллагуудад дээрх зөрчлүүдийг харьяаллынх нь дагуу шалгуулахаар шилжүүлсэн байж болзошгүй байна.  

ӨМНӨХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСООР ҮЗНЭ ҮҮ.

2020-12-21 08:21

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг АТГ-аас шалгаж байгаа тул түр түдгэлзүүлэх асуудал яригдаж эхэлжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ хэвтэн, эмчлүүлж буй коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлсэн асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нар үл ойлголцож үүнээс үүдэлтэйгээр нөхцөл байдал хүндэрсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан.

Тэгвэл бодит байдал дээр чухам ямар үйл явдал болсон талаар бид зарим эх сурвалжуудаас мэдээлэл авлаа.

-ХӨСҮТ-ИЙН ТАСГУУДЫГ АРИУТГАЖ, ЗАСВАР ХИЙХИЙН ТУЛД ӨВЧТӨНҮҮДИЙГ ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ РҮҮ ШИЛЖҮҮЛСЭН ГЭВ-

Албаны эх сурвалжийн мэдээлснээр ХӨСҮТ нь голомт болсон бөгөөд коронавирусийн халдвартай иргэдийг гардан эмчилж, сувилж буй эмч, сувилагч, ажилчид нь нэг буюу түүнээс дээш удаа дахин, дахин өөрсдөө халдвар авч буй асуудлыг засч, цэгцлэх зорилгоор тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй халдвартай иргэдийг Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлэхээр болжээ. Эмч, ажилтнууд халдвар авах үйл явц давтагдсаар буй бөгөөд дахин, дахин өвчилж буй нь ноцтой асуудал дагуулж буй учир энэ шийдвэрийг гаргахад хүргэсэн гэх. Зөвхөн эмч, сувилагч ч бус өвчтөнүүд ч дахин халдвар авах эрсдэл өндөр байгаа аж.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нь дээрх шийдвэрийг гаргахдаа Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан багын энэ сарын 06-ны өдөр ХӨСҮТ-д хийсэн шалгалтын дүнд үндэслэжээ.

Тус гурван байгууллагын ХӨСҮТ-д хийсэн дотоод, хяналт шалгалтын дүн өнгөрсөн баасан гаригт /2020.12.18/ гарсан бөгөөд хариу  нь маш ноцтой аж. Тодруулбал, ХӨСҮТ-д хийсэн шалгалтаар ажилчдын халдвар, хамгаалалт муу, эмнэлгийн орчин маш бохир, хэвтэн эмчлүүлэгчдийн тасаг стандартын шаардлага хангаагүй, халдвар тархах эрсдэл өндөр нь тодорхой болжээ. Тиймээс шийдвэр гаргаж тус эмнэлэгт одоо хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийг энэ сарын 19-ны өдөр Цэргийн төв эмнэлэгт шилжүүлэн эмчилж эхэлжээ. Энэ хугацаанд ХӨСҮТ-д ариутгал, халдваргүйжилтийн ажлыг явуулж, тасгуудыг бүрэн засварт оруулж, тохижуулахаар болсон байна. Мөн тус эмнэлгийн эмч, ажилчдыг ээлжээр цалинтай амраах зохион байгуулалтад оруулжээ.

ЭМЯ-наас Д.Нямхүүд хүргүүлсэн албан тоот

Гэтэл Д.Нямхүү захирал эсэргүүцэж хэрүүл, маргаан үүсгэж өвчтөнүүдийг зөвхөн ХӨСҮТ-д эмчилнэ гэжээ. Мөн зарим нэг өвчтөнүүдээр төрийн “томчууд” руу захиа бичүүлсэн гэх.  

Гэтэл Цэргийн төв эмнэлэгт мэргэжлийн баг хамт олон стандарт эмчилгээг илүү, тохь тухтай орчинд өвчтөнүүдэд хийх нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд энэ хугацаанд  ХӨСҮТ-ийн эмч нар ээлжээр ч болтугай амраад авах л зохицуулалт юм гэж эх сурвалж мэдээлэв. Мөн ХӨСҮТ-д ариутгал, засварыг хийсний дараа буцаан хэвийн горимд нь ажиллуулах аж.ХӨСҮТ-ийн өвчтөнүүдийг Цэргийн төв эмнэлгээс гадна Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэгт хүртэл шилжүүлэхээр бэлтгэж байгаа аж.

-НЭРЭЭ НУУЦАЛСАН ЭМЧ: БИД МАШ ИХ ЯДАРЧ БАЙНА.
АМРАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

Эмч, эмнэлгийн ажилчдыг амраахтай холбоотой асуудлаар бид ХӨСҮТ-ийн эмчтэй холбогдож  тодрууллаа. Тэрбээр нэрээр нууцлахыг хүсч “Өдөр шөнөгүй унтуулалгүй , олигтой хоол ундгүй бүтэн нойр гэдгийг марттал ажиллуулж байна. Дарамт ч их байна. Бид ар гэрээ мартан энд ажиллаж байна. Амралтын өрөө нь хүртэл тухгүй. Бид жил зүтгэчихлээ. Үнэхээр ядарч байна. Одоо бага ч гэсэн амралт хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энд ажиллаж буй хэдэн хүн унах нь. Ядарсан хүмүүс бохир орчинд дорхноо халдвар авах нь тодорхой биз дээ” гэсэн юм. Түүний мэдээллээр бохир орчинд амралтгүй ажиллаж буй нь эмч, сувилагчдыг халдвар авах гол шалтгаан болсон бололтой.

-Д.НЯМХҮҮ ЗАХИРЛЫГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДАЛ
ЯРИГДАЖ ЭХЭЛЖЭЭ-                       

Дээрх асууддлаар бид Д.Нямхүү эмчээс тодруулж эргэн мэдээлэх болно. Гэхдээ бидэнд олдсон мэдээллээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан дотоод хяналтын шалгалтаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нь санхүүгийн нэлээн олон зөрчил гаргасан нь ил болсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, ажилчдын урамшуулал, нэмэгдэл цалин, иргэдээс өгсөн хандивын зарцуулалт дээр цох дутсан, хувьдаа ашигласан байж болзошгүй асуудлууд байгаа аж. Энэ асуудлаар түүнийг АТГ-т шалгаж буйтай холбоотойгоор ажлаас нь түр түдгэлзүүлэхээр Эрүүл мэндийн яамны удирдлагын түвшинд яригджээ.

Уг асуудлаар ХӨСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийнхэн энэ долоо хоногт олон нийтэд мэдээлэл өгч, баримт дэлгэж ч магадгүй гэнэ. Бид мэдээллийг эргэн хүргэх болно.