Х.Баттулгын зөвлөх Л.Болд Германд суух элчин сайдаар томилогдоно

Х.Баттулгын зөвлөх Л.Болд Германд суух элчин сайдаар томилогдоно

2018 оны намар МАН-ын цөөнхийн бүлэг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдынх нь албан тушаалаас огцруулах асуудлыг хөндөж, тэдэн дээр АН-ын бүлгийн гишүүд нэмэгдэж санал өгсөн.

Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар У.Хүрэлсүхийг огцруулахгүй гэж санал өгч, тэрээр албан тушаалдаа үлдэж байв. 

Улмаар үүний дараа Ж.Батзандан, Л.Болд нар ШИНЭ намыг байгуулж, АН-ын гишүүнчлэлээс татгалзсан юм. Харин тэд 2020 оны УИХ-ын сонгуульд тус намаасаа нэр дэвшиж, ялагдал хүлээсэн. 

Ингээд сонгуулийн дараа Л.Болд Ерөнхийлөгч Х.Баттулгын Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдсон бол, Ж.Батзандан Австралид суух элчин сайдын зөвлөх болсон. Товчхондоо түүнийг тус албан тушаалд МАН томилсон гэж болно. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Л.Болд манай улсаас Герман /ХБНГУ/ улсад суух элчин сайдаар томилогдохоор яригдаж эхэлсэн гэх мэдээлэл байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан С.Эрдэнэ өнөөдөр /2020.12.21/ хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр “У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох боломж бүрдэж, санал хураах мөчид манайхаас гурван хүн урвасан. Тэр гурван урвагчийн хоёр нь элчин сайдаар явах гэж байгаа бол нэг нь тендерийн дэмжлэг авчхаад Баян-Өлгийд жаргаж байна” гэж мэдэгджээ.